Шинээр 20 хүн коронавирусээр халдварлажээ
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 29-нд нийт 12 828 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 20 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Хоёр тохиолдол нь 12 дугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрч зөөвөрлөгдсөн тохиолдол 397 болж байна. Үлдсэн 18 нь одоо үүсээд байгаа голомтын хавьтлын хүмүүс байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй 8 өвчтөн, 2 сахиур, 3 хавьтал, эрүүл мэндийн ажилтан таван хүн байгаа юм.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Өчигдөр “Тэнүүн-Огоо” компанийн автобусны хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тухайн компанийн ажилтан 10-аад залуус бөөнөөрөө салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос хоёр хүнээс халдвар илэрлээ. Бусад хүмүүсийг нь тусгаарласан. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй байна” хэмээсэн юм.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19″-ийн халдварын батлагдсан тохиолдол 1195 болжээ. Үүнээс 824 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 79 хүн эмнэлгээс гарчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 361 хүн эмчлүүлж байна. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал, маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96, хөнгөн 257 хүн байна.
Дотоодын халдварыг өнөөдрийн байдлаар буюу 12 дугаар сарын 30-наар танилцуулбал:
- Улаанбаатар хотод 394
- Орхонд 25
- Архангайд 3
- Сэлэнгэд 217
- Дархан-Уулд 45
- Говьсүмбэрт 4
- Дорноговьд 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
URL: