Я.Содбаатар: Цагаан сар болоход 2800 хүн өвчлөх нь гэж мэргэжлийнхэн хэлж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахлын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид хааж, хорих л асуудал яриад байх юм. Хамгийн амар арга нь юм уу хаашаа юм. Олон улсад бизнесийн үйл ажиллагааг хаахгүй зөвхөн баар, цэнгээний газрыг л хааж байгаа юм билээ. Я.Содбаатар сайд аа, та нэг жаахан ухаалаг бай л даа. Бид нар хаахаас өөр юм ярихгүй юм. Ариун цэврийн дэглэмийг нь сахиулаад бизнесийг нь явуулах талаар арга хэмжээ ав” гэв.
Шадар сайд Я.Содбаатар “Би хаагаад байгаа юм биш. Мэргэжлийн хүмүүс, ЭМЯ, эрдэмтэн судлаачид халдварт өвчин дэлгэрнэ гэж зөвлөж байгаа. Ингэж хаахгүй бол жилийн эцэс болоход буюу 10-аад хоногийн дотор 400-450 хүн, цагаан сар болоход 2800 хүн өвчлөх нь гэж мэргэжлийнхэн хэлж байна. Дэлхий нийтэд 3-4 аргаар л ноцолдож байна. Нэг нь хөл хорионы дэглэм. Аравдугаар сард амны хаалтгүй байх хугацаанд нэг хүнээс найман хүнд халдварлана гэж байсан. Одоо хөл хорионы дэглэм барихад нэг хүнээс нэг хүнд халдварлах чадвартай болсон. Мэргэжлийн хүмүүс маш нарийн тооцоо судалгаа, математик аргачлалаар бодож байгаа болохоос биш би дээшээ харж байгаад гаргадаг шийдвэр биш. Бизнес эрхлэгчдээ бодолгүй яах вэ. Бид байгаа боломждоо тааруулж арга хэмжээг авч байна. Коронаварус дэлхий нийтэд хүндээр тусаж байна” гэв.
URL: