Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3%-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар өнөөдөр /2020.12.22/ Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Коронавируст цар тахлын нөлөөллөөс Барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт зогсож, цалин, орлого тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байна. Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2-т “тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасны дагуу одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон зээлийн гэрээний харилцааг зөвхөн Иргэний хуулийн 286 дугаар зүйл, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор баталсан MNS 5274:2017 ”Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага” стандартын хүрээнд зохицуулж байгаагаас бусад тохиолдолд төрийн захиргааны аль ч байгууллагын хяналт-зохицуулалтад хамаарахгүй байна.
Дээрх байдлаар төрийн хяналт-зохицуулалтад нэгдсэн байдлаар хамаардаггүйгээс шалтгаалж барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон барьцаа хөрөнгийн үнэлгээ, худалдан борлуулах харилцаанд баримтлах журам, зохицуулалт байхгүй, барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээлийн үндсэн төлбөр, хүү бодох аргачлал нэгдсэн биш, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн хэрэглэж байгаа эсэх нь тодорхой бус байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсон учир уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар боловсруулжээ.
Тус хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгажээ.
- Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиар тооцох;
- Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд анз, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
- Барьцаалан зээлдүүлэх газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.a
URL: