Чөтгөрийн цалам буюу зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл

Засгийн газар цагаан сарын бэлгээ ард түмэн­дээ барилаа. Мөнгөгүй боловч орон сууц зүү­дэлж байгаа иргэдэд бол үнэ­хээ­рийн том бэлэг. Учир нь цагаан сарын өмнө 3-4 хувийн хүүтэй зээл хайсан иргэд олон таарсан. Гэтэл орон сууцны зээл 20 жилийн хугацаатай, жилийн зур­гаан хувийн хүүтэй, сард ердөө л 0.5 хувийн хүү төлнө гэсэн үг. Бизнес эрхлэгч­дийн хувьд ийм хүүтэй зээлээр зэс, нүүрс, нефть, төмөр боловс­руулах үйлд­вэрийг хэдхэн сарын дотор босгоно. Хэдхэн жилд хөрөнгө оруулал­таа нөхнө. Хэдэн мянган аж­лын бай­рыг төрийн орол­цоо­гүйгээр ши­нээр бий бол­гоно.

ЗЭЭЛИЙН ХҮҮ ГЭЖ ЮУ ВЭ

Харин орон сууц­ны зээлийн хувьд энэ нь дааж давшгүй өндөр хүүтэй зээл. Сурталчилгаагаар бол Ерөнхий сайд С.Батболд Син­га­пур улсад айлчлахдаа ард иргэ­дээ орон сууцжуулсан туршлагыг судалсан. Одоо монголчуудыг эсгий, утаанаас салгахын тулд Сингапур хувил­ба­рыг туршина. Олон улстөрчид улс орон хөгжиж, иргэд баяжих хууль, эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Харамсалтай нь  манай банкууд жижигдээд зээлийн хугацаа боги­но, хүү өндөр байгаа нь л хөгжлийн тээг тушаа болоод байгаа тухай ухуулдаг. Эндээс зээлийн хүү гэж юу вэ гэсэн асуулт гарна. Зээлийн зорилго ашиг олох. Энэ зарчим мөнхөд үргэлжлэх болно. Өмнө зээлийн хүүг мөнгөний үнэ цэнэ гэж ойлгодог байсан. Харин өнөөдөр зээлийн хэлбэр олшрохын хэрээр мөнгөний үнэ цэнэ гэж үзэхээс илүүтэйгээр барааны борлуу­лал­тыг нэмэгдүүлэх нэг хэлбэр болж хувирсан. Жишээлбэл, барууны өндөр хөгжилтэй орнууд 100 ба­раанд хоёр гологдол гарч болохыг борлуулагчдадаа зөв­шөөр­сөн байдаг. Ихэнх тохиол­долд гологдол гардаггүй. Гэсэн ч борлуулагч хоёр барааны үнийг гологдол гарсан мэтээр бэлтгэн нийлүүлэгчтэйгээ тооцоо хийдэг. Үүнээс бэлтгэн нийлүүлэгч нэг их хохирол хүлээхгүй. Тэрээр 98 барааны үнэд байж болох дээд зэргийн ашгийг суулгаж өгсөн бай­даг. Харин борлуулагч бор­луу­лал­тын ашиг дээр хоёр барааны үнийг урамшуулал болгон авна. Энэ нь борлуулалтын ашиг гэсэн үг юм. Харин япончууд энэ жишгийг эвдэж 100 бараанд 100 хувийн баталгаа өгдөг. Ингэснээр урьдчилаад хоёр баталгаатай барааг борлуу­лагч­даа өгч байгаа хэрэг юм. Хүнсний хэрэглээ нь цагаан будаа болсон орнууд газраа түрээслээд тодор­хой хувийг нь түрээслэгчдэдээ олгох замаар тариалалтаа олон дахин нэмэгдүүлсэн байдаг. Энэ нь тодорхой хэмжээний газрын аш­гийг хөдөлмөрийн бүтээмжээр арилжиж байгаа хэрэг юм. Гэхдээ дээрх бүх үйлдлүүд урьдчилан тохиролцож тодорхой хэмжээний бараа, үйлчилгээг төлбөр авалгүй гүйцэтгэж байгаа болохоор зээ­лийн нэг хэлбэрт тооцог­до­но. Эндээс харвал зээл гэдэг нь шууд төлбөрөө хийх боломжгүй тохиол­долд урьдчилсан хэлбэрээр мөнгө, бараа, үйлчилгээг санал болгож ашиг олох хэлбэр болох нь. Харин урьдчилан олгосон боломжийн тоо, хэмжээ нь хүү болж тооцог­доно. Жишээлбэл, малчин ажиллуулж 100 хонь төллүүлээд 20-ийг хөлс болгож өгнө. Энэ нь малчны ашиг болж хувирна. Харин мянгат малчин малаа урьдчилан өгч төллүүлсний ачаар 100 хонио 180 болгож өсгөнө. Мянгат малчин мөнгөгүй малчинд хонио хариулс­ны хүү нь 20 хоньтой тэнцэх бо­ловч, тэрээр 80 хонины ашигтай ажилласан. Хэнээс нь ч мөнгө гараагүй хоёулаа ашиг олсон байна. Харин орон сууцны зээлийн бонд бол нийгмийн асуудал шийдэх хэрэгсэл. Төр мөнгө хүүлэх арга биш.

ЧӨТГӨРИЙН ЦАЛАМ

Япончууд өндөр хүүтэй мөнгөнөөс сэжиглэдэг. АНУ-ын Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргавал иргэд нь эсвэл Засгийн газар дампуурч байна, эсвэл эрх баригчид хэн нэгнийг санхүүжүүлэх гэж байна гэж харддаг. Тус улсын Засгийн газрын бондын хүү өнөөдөр жилийн гурван хувьд хэлбэлзэж байна. Харин хугацаа нь арван жил. Сүүлийн үед бага зэрэг өсч байгаа нь улс орны эдийн байдалтай холбоотой гэнэ. Учир нь их хэмжээний мөнгө гадны хямд түүхий эд, ажиллах хүчнийг дагаад гадагшлах үзэгдэл газар авч байна. Үр дүнд нь АНУ-д ажлын байрны өсөлт буурч, Хятад мэтийн орнууд гадаадын зах зээлээс хамааралгүй болж цор цор хийх болсон. Засгийн газрын бонд хэдийгээр АНУ-ын эдийн засагт их хэмжээний ашиг авчрахгүй боловч үндэсний хөрөнгөтнүүдийнхээ мөнгийг өөрийн эсрэг босгоод байхгүйн тулд бондын хүүг нэмж байна. Тус орны хөрөнгөтнүүд ч Монгол мэтийн авлигад идэгдсэн оронд мэдрэлээ барж арван хувийн ашиг олсноос бондоор бага боловч баталгаатай ашиг олохыг илүүд үзэж байна. Монголчууд үнэгүй юманд нугасгүй гэдэг. Энэ дэлхий дээр үнэгүй юманд дургүй хүн гэж байдаггүй. Харин япончууд яагаад өндөр хүүнээс сэжиглэдэг вэ. Байшин нурчихаар олноороо амиа хорлодог улс их ашиг олохоос татгалзах учиргүй. Хэргийн учир өндөр хүүтэй зээл, хадгаламж байнга өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг л тэд яс махандаа ойлго­сон хүмүүс. Гэтэл одоо ч хэл ам нь тасраагүй байгаа Хадгаламж зээ­лийн хоршоо гэж “чөтгөрийн ца­лам” одоо ч Монголд үргэл­жил­сээр л байна. Гадаадад гаргаж өгнө, богино хугацаанд байр, машинтай болгох залилангийн хэргүүд хуулийн байгууллагуудыг нойргүй хонуулсаар. ХЗХ өндөр хүүтэй хадгаламж авахаа зарлаж байхад банкир О.Чулуунбат сарын гурван хувийн хүүтэй хадгаламж, хадгаламж эзэмшигчдийг сэхэхгүй болтол сүйрүүлэхийг анхааруулж байсан. Гэвч нүд нь мөнгө болж хувирсан хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулагчид Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн худалд­даг өргөмжлөл, ТВ-үүдийн өндөр ашиг хийх гэсэн сурталчилгаанаас өөр юуг ч сонсоогүй. Үр дүнд тат­вар төлөгчид 30 тэрбумаар хохирч, мөнгөө хадгалуулсан иргэд хойт насандаа л үлдсэн 30 тэрбумынхаа барааг харах бололтой. Гэхдээ “чөтгөрийн цалам” ХЗХ-оор дуусах­гүй гэдэг нь тодорхой болж байна.

Аймшигтай нь энэ удаа төр ХЗХ-ноос хэдэн арав дахин ашиг олох, хэдэн зуун мянган хүн хохи­рох ХЗХ байгуулах гэж байна. АНУ-ын хүчирхэг эдийн засаг үл хөдлөх хөрөнгийн зээл дампуурснаас болж дэлхийн эдийн засгийг түй­мэр­дэх шахсан. Энэ сүйрэл ойрын хэдэн жил цайрах магадлал бага байгаа тухай Давосын чуулган гоншигоноод өнгөрсөн. Гэхдээ хэд­хэн зээлдэгчид, даатгалын компа­ниуд ашиг хөөснөөс болж хэдэн зуун мянган америкчууд гэрээсээ хөөгдөж, долларын бүсээс хамааралтай хэдэн арван орнууд эдийн засгийн цунамид өртсөн тухай ганхийхгүй өнгөрч байна. Дэлхийг хамарсан санхүүгийн хямралаас болж нэг ч улстөрч, санхүүч хохироогүй. Харин энгийн америкчууд, европчууд, арабууд үй олноо амьдралын баталгаагүй болж, эхнэр хүүхдийнхээ ирээдүйг бүрхэгдүүлсэн нь маргашгүй үнэн. Энэ бүхнийг нуршсаны учир бол манай шинэ сайд Дашдоржийн цалам ямар үнэтэйг тодорхойлох гэсэн юм.

50 САЯ ТӨГРӨГИЙН БАЙР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ

Социализмын үед бол арван­нэг хорийн чихэр, төгрөг дө­чийн талх гэсэн бол тэр үнээрээ л авна. Харин зах зээлийн үед бол 50 сая төгрөгийн байр гэвэл 40 сая ч болж болно. 60 сая ч болж мэднэ. Манай Засгийн газраас иргэдэд санал болгож байгаа орон сууцны үнэ 50 сая төгрөг. Үүндээ тааруулж 55 хүртэлх кв метр талбайтай орон сууц худалдан авч болно. Орон сууцны нэг кв метр талбай 1.4-1.8 сая төгрөг байгааг шинэ сайд Ц.Дашдоржоос бусад нь мэдэж бай­гаа. Дээр нь эхний орон сууц ашиглалтад ороход үнэ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй гэдэг нь ойл­гомж­той. Зөвхөн эхний сарын инфляци гурав шахам хувьтай байна. Энэ хэвээр үргэлжилбэл оны эцэст 55 метр кв байрны мөнгөөр 15 метр кв байр л худал­даж авна. Харин ам.доллар 600 төгрөг болчихвол 100 кв метр байр худалдаж авна. Дээр нь зээлийн арван хувьтай тэнцэх таван сая төгрөгийг шууд тушаана. Ийм хэмжээний мөнгөний хүүнд нэг өрөө байранд жил үнэгүй амьдарч болно. Хүүндээ 2.7 сая төгрөг олж байна гэсэн үг. Жилийн дараа таван сая төгрөгөө бүрэн бүтэн буцааж авна. Орон сууцны зээл авсан иргэн жилд зургаан хувийн хүү төлөх бол шууд тушаасан таван саядаа нэг ч мөнгөний хүү тооцохгүй. Засгийн газар иргэддээ ийм бэлэг барилаа. Гэхдээ эхний ээлжид дөрвөөс доошгүй бага насны хүүхэдтэй, орон сууцанд амьдрах нь бүү хэл, амьдарч байна гэж зүүдлээгүй иргэдэд ийм боломж олгоно. Мөн сарын орлого нь 800 мянган төгрөгөөс доошгүй байх ёстой. Учир нь сарын зээлийн төлбөрт 300 гаруй мянган төгрөг төлнө. Гэхдээ зээлийн төлбөр нь орлогын 40 хувиас хэтрэх ёсгүй. Ингэхээр амьддаа орон сууцанд нэг хоног боловч амьдарч үзэх гэсэн иргэн, жил дараалан гарсан бага насны дөрвөн хүүхэдтэй, 800 мянган төгрөгөөс дээш орлоготой, ядуу иргэн л энэ зээлд хамрагдана. Манайх шиг УИХ-ын гишүүний туслах нь Ерөнхийлөгчийн гарын үсгийг дурайлгаад мөнгө нэхээд явдаг оронд бол дээрх болзлыг хэд дахин өсгөөд баримт бүрдүүлж орон сууцны зээлд хамрагдаж чадна. Магадгүй маргааш ил, далд хүүхдүүдээ албан ёсны болгоод орон сууцанд бүү хэл эсгий гэрт ч амьдарч байгаагүй гэсэн олон иргэдийн өргөдөл ирж болно. Гэхдээ энд хэнийг ч, яаж ч хуурч болохгүй нэг л том саад бий. Тэр нь зээлийн хүү. Орон сууцны одонд төрөөгүй азгүй иргэд 20 жилийн хугацаатай 50 сая төгрөгийг жилийн зургаан хувийн хүүтэй зээлж, өрөө барагдуулсны дараа л санаа амар нүд аних эрхтэй болно. Эс тэгвээс хойт насандаа банкны өр барагдуулагч болж төрөн үр, хүүхэд, ач, гучаа зовоох эрлэг болж төрнө. 50 сая төгрөгийн 20 жилийн хүү гэдэг нь 120 хувь буюу 60 сая төгрөг. Зээлтэйгээ нийлээд, нийтдээ 110 сая төгрөг. Нөгөө нэг метр кв нь нэг сая төгрө­гөөр үнэлсэн байр нь эцэстээ 2.2 сая төгрөг болж хувирна. Энэ нь одоогийн 20х15 метр талбайтай гурван давхар байр барьчих мөнгө. Доороо гарааш, дэлгүүр, гуанзтай, дээрээ зочны, хүүхдийн унтлагын, гал тогооны, номын сангийн гээд 900 метр кв талбай­тай, гурван давхар байшинтай болох боломжийн мөнгө. Засгийн газар эхний ээлжид орон сууцны зээлд 200 тэрбум төгрөгийн бонд гаргана. Хүүнээс нь 240 тэрбум төгрөг олно. Үүнийг нь хувь муут дөрвөн хүүхэдтэй гэр хороол­лын­хон төлнө. Тэд Засгийн газрын санал болгосноор бол 110 сая төгрөг төлж байж орон сууцтай болно. Энэ нь өдөрт 15 мянга, сард 450 мянга, жилд 5.5 сая төгрөг 20 жилийн турш төлнө. Гэр хороололд төрснийхөө төлөө тэд ямар ч ялтнаас дор тарчилж, 20 жил нойргүй хонож байж заяа нь хаяагүй бол орон сууцтай монгол хүн гэсэн нэр зүүнэ. Гэтэл 1996 онд байшинт хорооллынхон нам, засгийн хөрөнгөөр барьсан байшинг үнэгүй авсан байдаг. Ардын нам ардууддаа ийм бэлэг барьсан гэдэгт би лав итгэхгүй.

Х.БАТТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих