АНУ-ын Ерөнхий прокурор Уилльям Барр огцрохоор болжээ

AP20349820007703Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын Ерөнхий прокурор Уилльям Барр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж ирэх долоо хоногт огцрохоор болжээ. Тус улсын сонгуулийн коллеги санал тоололт албан ёсоор дуусч Жо Байден 270 төлөөлөгчийн санал авч, ерөнхийлөгч болох эрхээ авлаа гэдгийг зарласны дараа Трамп твиттер хуудсаараа дамжуулан Баррыг огцрох гэж байгааг мэдэгдэв.

Ерөнхий прокурор, Трамп хоёрын харилцааны хурцадмал байдал нэмэгдэж байгаа ч Дональд Трамп Уилльям Баррыг огцрохыг найрсагаар зөвшөөрчээ. “Ерөнхий Прокурор Билл Барр Цагаан ордонд ирж бид сайхан уулзалт хийлээ. Бидний харилцаа маш сайн байсан. Өнгөрсөн хугацаанд тэр ажил үүргээ чадварлаг гүйцэтгэсэн. Барр Зул сарын баяраас өмнө албан тушаалаасаа огцорч, баяраа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхээр шийджээ. Тэгэхээр Ерөнхий прокурорын орлогч Жефф Розен түүний халааг авч, Ерөнхий прокурор боллоо. Харин нэр хүнд өндөртэй Ричард Доногхе прокурорын орлогч боллоо” хэмээн  Трамп твиттертээ бичжээ.

Гэхдээ Трампын бичсэнчлэн тэдний харилцаа тийм сайн байгаагүй. Учир нь Ерөнхий прокурор Барр Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байденыг санал луйвардсан гэсэн Трампын нэхэмжлэлийг буцааж, нотлох баримт олоогүй хэмээн мэдэгдэж байв. Ингэснээр Трамп, Барр хоёрын харилцаа муудсан билээ. Мөн Баррыг баасан гаригт халах гэж байсан хэмээн албаны эх сурвалж бидэнд мэдээлж байсан юм.  Гэвч Трамп түүнийг халаагүй, Барр өөрөө ажлаа өгсөн хэмээн Цагаан ордны албан тушаалтнууд ярилаа.

Түүнчлэн “Сонгуулийн саналыг луйвардсан гэх баттай нотолгоо байхгүй ч  энэ мэдээллийг үргэлжлүүлэн хянах болно. Сөрөг хүчин эсэргүүцсэн ч цуцахгүйгээр санал хураалтыг зогсоохыг шаардан эсэргүүцсэнээрээ та түүхэнд бичигдэх болно.” хэмээн Барр  Трампад захидал бичжээ.

Эх сурвалж:CNN


URL: