Л.Амармөрөн: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед гэмт хэргийн дуудлага 67.7, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 51.1 хувиар буурсан

16080009435fd825afb69d8

Коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан манай улс нэг сарын хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт эрс буурчээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнгөөс тодрууллаа. 

-Цар тахлын улмаас улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн”. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт хэдэн хувиар буурсан бэ? 

-Нийслэл хотод 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 20779 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28850 нэгжээр буюу 58.1  хувиар буурсан байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 727 буюу -67.7, зөрчлийн 14234 буюу -55.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2182 буюу -51 хувиар, согтуугийн дуудлага 4267 буюу -67.4 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүн 2717 буюу -65.5 хувиар тус тус буурсан.

-Архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон байсаа. Гэвч согтуугаар жолоо барих, эрүүлжүүлэгдсэн хүн байсаар байсан. Энэ хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалсан хэчнээн зөрчил бүртгэгдсэн бэ. Цахим орчинд болон гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Нийслэл хотод Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1242 дугаар захирамжийн 1.1, 1.4 дэх заалтуудын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ны өдрүүдийн 22:00-05:00 цагийн хооронд дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдээс хяналт шалгалтаар ажиллаж, захирамж зөрчсөн нийт 403 зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 13, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт явуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-д заасныг баримтлан шийтгэл оногдуулахаар саналыг шүүхэд хүргүүлснээр согтууруулах ундаа худалдсан 28 аж ахуй нэгж байгууллагыг 41.700.000 төгрөгөөр, гар дээрээс согтууруулах худалдсан 138 хүнийг 79.700.000 төгрөгөөр тус тус торгож, 62 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулаад байна. Одоо 175 зөрчилд хариуцлага тооцуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

 Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зар, мэдээлэл байршуулсан 89 фэйсбүүк хаягийг олж тогтоон 11 хаягийг устгуулан, нийт 89 фэйсбүүк хаяг, байршуулсан постыг устгуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.

 -Дээрх шийдвэрүүдийг зөрчсөн үйлдэлд ямар хуулиар хариуцлага оногдуулдаг талаар мэдээлэл өгнө үү.

-Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулдаг. Тухайлбал: Өнгөрсөн хугацаанд цахим орчинд болон бусад хэлбэрээр архи, согтууруулах ундаа худалдах зөрчил нэмэгдсэн.

 Гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчиж байгаа хэрэг юм.

Дээрх үйлдэлд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна, Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна”-гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулдаг.

Энэ нь хууль бусаар олсон орлого, зарж борлуулж байсан архи, согтууруулах ундааг хурааж, иргэнийг 500.000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгоно гэсэн үг юм.

-Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1280 дугаартай захирамж гарсан. Энэ талаар тодруулаач?

- Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 209 дүгээр тогтоолын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай ”А/1280 дугаартай захирамж гарч хэрэгжиж байна. Захирамжаар үйл ажиллагааг нь хязгаарлах 18 салбар, чиглэлийг тогтоосон бөгөөд захирамжийн хавсралтад зааснаас бусад худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж /18 хувиас дээш/ бүхий согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

 Бусад байгууллагын хувьд Нийслэлийн онцгой комиссын даргын баталсан “Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар, хамгааллын нийтлэг журам”, “Зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ын хүрээнд үйл ажиллагаа явуулахаар байна.

 Цагдаагийн байгууллагаас дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.


URL: