М.Энхболдын бүлгийг хүчирхэгжүүлэх Ж.Мөнхбатын эхний төлөвлөгөө-”Үндэсний Телевиз” үү?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд ялагдсанаар МАН доторх ихээхэн угжирсан тэмцэл ил болж, УИХ дахь намын бүлэг нь хүртэл У.Хүрэлсүхийг дэмжигчдийн “33″-ын, М.Энхболдыг дэмжигчдийн “32″-ын бүлэг гэж албан бус бүтэц бий болсон билээ.
Мөн МАН-ын нөлөө бүхий улс төрчид Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас М.Энхболдоос шууд нүүр буруулж, “М.Энхболд хариуцлага хүлээх ёстой”, “60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж хэлж байсандаа харамсаж байна”, “Шулуухан хэлье, энэ эвлүүлэг биш. Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос М.Энхболд, Ц.Сандуй ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэдэг юм”, “60 тэрбумынхантай эвлэрэхгүй тэмцэнэ” гэх мэтээр ярих болсон.
Улмаар У.Хүрэлсүх М.Энхболдын “нөлөөний хүн” гэгддэг Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ дахь нэр бүхий гишүүдийн гаргуулж, өөрөө Ерөнхий сайд болон санасандаа хүрсэн юм.
Эцэст нь 2017 оны 11 сарын 21-нд хуралдсан МАН-ын ээлжит XXVIII Их Хурлаар М.Энхболд намын даргын албаа хүлээлгэн өгсөн. МАН-ын даргыг сонгох санал хураалтанд оролцсон 1383 төлөөлөгчөөс 63.1 хувь нь Eрөнхий сайд У.Хүрэлсүхэд, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад 36.9 хувь нь саналаа өгснөөр У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон юм. Тэрээр намын даргаар сонгогдмогцоо : “Үүнээс хойш 32-ын бүлэг, 33-ын бүлэг гэсэн хуваагдал байхгүй боллоо, бид зангидсан гар шиг ажиллана” гэх мэтээр өгүүлж, бүр намын даргад өөртэй нь өрсөлдсөн Д.Хаянхярвааг үнсэж хүртэл байсан ч энэ бүхэн нь ердөө л түр зуурын уянгын халил байсан гэдэг нь 32-ын бүлгийн У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах амжилтгүй оролдлогоос харагддаг.
Эцэст нь 2019 оны 1 сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлснөөр бараг жил хагас дамнан үргэлжилсэн МАН дахь хоёр хуваагдал, УИХ дахь 33-32-ын бүлгийн зөрчил намжсан.
М.Энхболдын удирдсан 32-ын бүлгийн гол удирдагчид нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байсан Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, Монгол Улсын Сайдаар томилогдож байсан Ж.Мөнхбат нар юм. Тэр дундаа Ж.Мөнхбат нь 2013-2016 онд М.Энхболдыг МАН-ын дарга байх үед МАН-ын ЕНБДаргаар ажиллаж байсан билээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа 32-ын бүлэг бүхэлдээ бутарсан гэж зарим ажиглагчид үзэж байсан ч энэ дүгнэлт арай эртэдсэн болохыг “Эрдэнэс Монгол” компаний Захирлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа томилогдсон явдал харуулсан юм. Тэгвэл “32-ын бүлгийн гол удирдагчдын нэг” УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ч улс төр, нийгмийн салбарын томоохон томилгоонд идэвхтэй оролцох болжээ.
Сүүлийн үед гэхэд л Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн удирдлагыг сонгох асуудалд гэхэд л маш идэвхтэй оролцож буй аж.
Тодруулбал Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий Захирлын сонгон шалгаруулалтад Ж.Мөнхбатын ойрын хүмүүс гэгддэг С.Адъяасүрэн, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий Захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Гэрэлээ нар нэр дэвшжээ.
Г.Гэрэлээ нь Ж.Мөнхбатыг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга болсны дараачаас эхлэн УИХ-ын 2016 оны сонгуулийг дуустал МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст ажиллажээ.Харин Ж.Мөнхбат 2016 онд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Монгол Улсын Сайд болмогцоо Харилцах Холбооны Зохицуулах Газрын даргаар С.Адьяасүрэнг томилуулж байсан гэнэ.
Ж.Мөнхбат МҮОНРТ-ийн Ерөнхий Захирлаар өөрийн хүнийг болгохын тулд тун уран арга хэрэглэхээр төлөвлөжээ.
Хуулиараа бол Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүд хуралдан, санал хурааж МҮОНРТ-ийн Ерөнхий Захирлыг сонгох учиртай. Иймээс ч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд хэний дэмжсэн хүн билээ, хэнийг дэмжих билээ гэж сайтар нарийвчлан тооцсон энэ аргачлалаар бол УИХ-ын даргын зөвлөх, сэтгүүлч С.Баярмөнх, МҮОНРТ-ийн Ерөнхий Захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Гэрэлээ нар багцалсан саналаа хуваан, Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн дарга асан С.Адьяасүрэн 2-3 саналын илүүгээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий Захирлаар сонгогдох юм гэнэ.
Аливаа улс төрийн хүчин, бүлэглэл томоохон операцийнхаа өмнө давын өмнө мэдээллийн дэд бүтцийг бэлддэг.
Тэгвэл Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийг “эзлэх” Ж.Мөнхбатын энэ төлөвлөгөө М.Энхболдын бүлэглэлийг дахин хүчирхэгжүүлэх зорилгынх нь нэг хэсэг ч байж мэднэ.
Б.Шуранхай
Эх Сурвалж: Sonin.mn
https://www.sonin.mn/news/easy-page/116949
URL: