Ц.Элбэгдоржийн Х.Баттулгад дайж буй 15 санаа
Монгол Улсын Ерөнхий Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр цагтаа монгол эрсийн ёсоор зүү орох зайгүй нөхөрлөж явсан андууд. 2007 онд Ц.Элбэгдорж осолд ороод түргэн дуудалгүй Х.Баттулга руу утас цохиход “амин найз” нь нисдэг тэргээр очиж гэмтлийн эмнэлэгт хүргэж байсан түүхтэй. Үхэл амьдралын чухал асуудал дээр ч нэгнээ түшиж явсан эрс өдгөө нэгэндээ хэлэх үгээ “нийтлэл”-д боогоод хүргэдэг болж. Үнэнч нөхдийн сайхан харьцааг улс төрчийн хатуу тавилан ийн мөхөөв үү. Тэд өөрсдөө мохоов уу.
Монголд Ардчилсан хувьсгалын 31 ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Арван Дөрөв” гэх нийтлэл бичжээ. Уг бичвэрийн хүрэх эзэн тодорхой. “Саяхны нэг өглөө манай ерөнхийлөгч “улсынхаа дайснуудыг дарах арга хэмжээ хэрхэн явагдаж” байгаа болон “шударга ёс” тогтоох ажлаа яаж улам эрчимжүүлэх талаараа урт үг уншлаа” хэмээн ширүүхэн эхлэлтэй “чанга” бичвэрээс Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан онцлох 15 санааг хүргэж байна.
- Монголыг Монголоор нь барьж идүүлдэг, даруулдаг, доройтуулдаг арга бол шинэ зүйл огтхон ч биш.
- Шударга ёсны төлөө тэмцэгч тэргүүн жанжин маань дайны талбараа өөрөө түрүүлж орхидог нь яаж байгаа юм бэ? Хуулиа, саналаа хамгаалаад, хэлэлцүүлээд, олонх цөөнх болоод үзэж тарж байх ёстой биш бил үү!
- Төрийн ордон дотор тэмцлээ хийхгүй юм бол төрийн толгойд яах гэж ассан юм бэ? Ардчилсан оронд улс төрийн хоригдол байх учиргүй.
- Баттулга Ерөнхийлөгч намайг хайрласандаа биш ард олонд бусармаг үйлдэл нь улам илчлэгдэхээс айсандаа өнөөдрийг болтол мөрдөх нэрээр тамалсаар байгаа юм.
- Сая УИХ-ын индрээс миний нэрийг аюултай этгээдийн жагсаалтын эхэнд цохож хэлсэн. Би Баттулгыг Ерөнхийлөгч байхдаа “амин найз” гэж дууддаг байлаа. Түүнтэй би Монголоо өмөөрч ам зөрдөг.
- Баттулгаа Монголд хэрэгтэй бол чиний “арван тав” болоход би бэлэн шүү. Гагцхүү шүүхийн нээлттэй танхимд яллах ялаа надад тулгаарай.
- Улсаа аврах гэж зүтгэсэн нь шоронд, улсаа алах гэж гүйсэн нь ордонд.
- Алуурч, хулгайч нэрээрээ биш шударга эх оронч дүрээр түүхэнд үлдэх, нөгөөтээгүүр эзэндээ үнэнч гэдгээ илүү сайнаар нотлох гэсэн хийрхлээс үүдсэн байдаг
- Энхсайхан бол элсэн цагийг эргүүлж тавих гэсэн л хүн. М.Энхсайхан өөрөө зогсоогүй. Түүнийг зогсоосон юм. Түүний төсөлтэй хамт Монголын алтан боломж ч зогссон. Монгол улс шорондоо нэг илүү хоригдолтой болж хоцорсон. Монголд орох байсан их орлого ашиг манай хойд хөршийн тогоог дүүргэж байна.
- Монголын боломжийг хулгайлагч, харьд бэлэглэгч чухам тэр хүн хэн бэ? Энэ хар пайз дээр “Халтмаагийн Баттулга” гэсэн нэр тодоос тод бичигдэх байв. Бичигдсэн ч байгаа.
- Санжийн Баяр “Жарны бутархай”-даа манай одоогийн Ерөнхийлөгчийг Оросын нөлөөний хүн болох тухай товч өгүүлсэн.Х.Баттулга шар хүний тэр хонзонг С.Баяраас авсан. Түнийг шоронд хийх замаар үүргээ гүйцэлдүүлсэн. Түүнээс биш Баярыг буруутгаж байгаа зүйлүүд Тулгад үнэхээр сонин биш.
- Үндсэн хуульд саяхан оруулсан өөрчлөлтөөр Монголын ард түмний баялаг болох газар нутгийг “нийтийн өмч” гэж орууллаа гэсэн уур бухимдал ч ор үндэсгүй зүйл биш. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч өөрөө гардан санаачилж батлуулсан энэхүү шинэ нэмэлтээ тайлбарлах, бүрэн хариуцах үүрэгтэй.
- Хятад баатрын хөшөөнд мөргөх атлаа элэг нэгт Монгол хүнээ бид өшиглөж болохгүй. Хөршдөө хонь бэлэглэж гүйх мөртлөө, Монгол хүнийг өмгөөлөх үгээ буцааж залгиж болохгүй.
- Халтмаагийн Баттулга надаас нэг удаа ийн асууж билээ. -“Монгол улс цаазгүй болсон биз дээ” гэж. Хуулийнхны мөрдлөг мөшгөлт, зарим болчимгүй нэгнийх нь сүрдүүлэг далайлтаас болоод амьсгаа өндөр явсан үе нь. “Цаазгүй болсон. Монгол улс дахиад хүн цаазлахгүй” гэж би түүнд хариулсан юм. Энэ итгэл үнэмшил бол зөвхөн Баттулгын асуултад өгсөн миний хариулт төдий биш, Монголын бүх ард түмэнд Их хурлын индрээс тунхаглаж хэлсэн миний үгэнд бий.
- Ерөнхийлөгч Баттулгын тухай зурагтай ном бичсэн сураг гарав. Нохойн орны нохой. Монгол хүн нэгэндээ нохой болох эсэх нь хувь хүнээс шалтгаалах зүйл гэж үзээд орхиё. Харин харь хүний өмнөөс, харь орны нохой эрх ашгийг гүйцэлдүүлж Монгол хүнийг зууж, барьж байгаа бол тийм гаршмал “гарз”-ыг өршөөх аргагүй.
Эх Сурвалж: UBN
URL: