Байгууллагуудыг үе шаттайгаар нээх бэлтгэл ажлыг сайтар хангахыг анхаарууллаа

16076199305fd2555a559cc

 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн ээлжит бусаар  хуралдсан. Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж зарим төрлийн үйлчилгээний байгууллагын үйл  ажиллагааг нээж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх  арга хэмжээний талаар   Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын орлогч дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр нар мэдээлэл өгөв. Мөн хуралд оролцсон нийслэлийн удирдах ажилтнууд хөл хорионы дэглэмийг бууруулж байгаатай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх ажлуудын уялдаа холбоо, өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан асуудлыг хэрхэн оновчтой, хурдан шуурхай шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх бэлтгэл ажлыг сайтар хангах, тэдгээрийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR кодыг үйлчилгээний байгууллага, иргэд хэрхэн ашиглах талаарх  мэдээллийг сайн хүргэхийг үүрэг болголоо.


URL: