Төр захиргааны 115 байгууллагад мэдүүлгийн бүрдүүлэлтийн бэлтгэл хангах чиглэлээр албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны нийт 115 байгууллагад 2021 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн бэлтгэл хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг зөвлөсөн албан бичиг илгээв.
Тухайлбал, дотоод сургалт хийх, мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтныг яаралтай томилж ажиллуулах, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системээр ирүүлэх зааварчилгааг баримтлах, Засгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан, төсвийн захирагчтай гэрээ байгуулах, төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хуулийн үйлчлэлд бүрэн хамруулах, мэдүүлэг гаргагчдын нэрсийн жагсаалтыг нэгтгэж ирүүлэх, цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрх бүхий албан тушаалтны нэгдсэн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахад идэвхтэй оролцох зэрэг үүрэг чиглэл өгөв.
URL: