Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11 сарын 17-нд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, өрх бүрт 1 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг 2020 оны 12 сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий эрхийн бичиг олгох санал гаргасан билээ. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын уг саналыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хүлээж аваагүй. Гэвч 11 сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, өрх бүрд сая төгрөг олгох саналаа дахин дэвшүүлсэн билээ.
ЕТГ-ын дарга Ө.Шижирийн өгүүлж буйгаар Ерөнхийлөгчийн санал хэрэгжих бүрэн боломжтой агаад өрх бүрт 1 сая төгрөгийн дэмжлэг олгох нь огтхон ч халамж биш бөгөөд харин ч эдийн засгийг сэргээх алхам болох аж.
Харин Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр энэ тухай: “Засгийн газар мөнгө төгрөг байдагсан бол ард иргэд, үр хүүхдүүддээ өвгөд хөгшиддөө харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж, нөхцөл хязгаарлагдмал. Сайн сайхан зүйл ярьж болно. Тэдэн сая төгрөг , тэдэн сая төгрөг өг л гэж байна. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу. 2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүний үр дүнд юмны үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг тэтгэж байгаа хэрэг биш. Эргээд маргааш нь талх, мах, цахилгаан дулааны мөнгө овойж оцойтлоо өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмнээ, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаа үйлдэл. Тиймээс бид бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмний амдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна” хэмээв.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын байр суурь илтэд зөрчилдөж эхэллээ.
Энэ бүхний ердөө л улс төр буй нь илт.
Ерөнхийлөгч Х.Баттулгын санал дэмжигдвэл мэдээж түүнд нэмэх оноо болно, дэмжигдэхгүй байлаа ч өрх бүрт 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нь зөв гэсэн үзэл санаа олон нийтэд эерэгээр хүрвэл У.Хүрэлсүх, МАН-д хасах оноо болно.
Харин 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломж Монголын эдийн засагт байхгүй буюу 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлвэл эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үзэл санаа олон нийтийн олонхид таалагдвал түүнийг зогсоосон У.Хүрэлсүхэд нэмэх оноо ирнэ.
Х.Баттулга, У.Хүрэлсүх 2-ын яг хэн нь улс орноо бодоод байна даа…
Э.Мягмар