Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-4
Бурхан Халдун, Ноён уулын аль аль нь монгол төрийн голомт болсон түүхт газар. Ноён уул алтны эрэлчдийн хөлд талхлуулж ямар болсныг монголчууд мэднэ. Хэрэв Ноён уулыг хамгаалж “Гацууртын орд”-ын зөвшөөрлийг цуцлуулаагүй бол даварсан уул уурхайнхны дараагийн алхам Бурхан Халдун байхыг үгүйсгэхгүй тухай нэр бүхий УИХ-ын гишүүд хэлж байсан удаатай. Тэгэхээр дээрх асуудал хэрхэн өрнөж, хаана хүрч, хэрхэн төгссөн зэрэг нь Бурхан Халдунтай салшгүй холбоотой юм.
Хэнтий аймаг бүхэлдээ Эзэн Чингис хааны түүх дурсгалын өлгий, улсын тусгай хамгаалалтад авсан, орон нутгийн санд бүртгэсэн газар олон бий. Төрийн тахилгат, үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уул тэдгээрийн нэг нь юм. Гэвч арав гаруй жилийн өмнөөс улс төрийн намууд, улс төрчдийн зүгээс сонгогчдоос оноо авах нэг сэдэв нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэх мэдээллээр иргэдийг талцуулж ирсэн. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө АМГТГ-ын Кадастрын хэлтсээс дээрх мэдээлэлд цэг тавьсан. Үүнд “Бурхан Халдун уул нь УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Хан Хэнтийн нурууны дархан цаазат газар байдаг тул ашигт малтмал эрэх, хайх, ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Бурхан Халдун уулыг үндэсний бахархалт хайрхан болгосноор түүн рүү зорчих маршрутыг Босго тэнгэрийн даваанаас цааш хүн нэвтрүүлэхгүй байхаар Засгийн газар, салбарын яам, Хан Хэнтийн дархан цаазат газраас журамлан, хамгаалалтын горимыг хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Бурхан Халдунд хууль бусаар халдсан, завдсан гэмт үйлдлүүд гарсангүй. Харин хог хаясан, архины шил овоолсон гэх мэт зөрчлүүд бол илэрч байв. Гэхдээ энэ бол Бурхан Халдун хайрхан цаг мөнхөд онгон дагшин хэвээр хадгалагдаж ирсэн гэсэн үг биш юм.
Тухайлбал, 2012 -2013 онд Бурхан Халдуныг Америктай холбосон “Хаадын хөндий” шинжилгээний анги, түүний удирдагч National Geographic олон улсын судал¬гааны байгууллагын судлаач, Чингис хааны онгоныг идэвхтэй хайгч ноён Альберт Лин гэгч эрхмийн тухай мэдээлэл гарах болсон. Тэрээр Бурхан Халдун орчим богино хэмжээний кино хийж, оршилд нь “Би дорно зүг эцэг, өвгөдийнхөө онгоныг хайхаар ажлаа эхлүүллээ” хэмээн мэдэгдсэн нь тухайн үед интернэтээр цацагдаж байв.
Тэрхүү бичлэгийг цахим хуудсууд татаж тавиад зогсохгүй Оросын сайтууд ч орчуулан хүргэж байсан. Үүнтэй холбоотой “Хаадын хөндий” шинжилгээний анги Монголд ажиллах зөвшөөрөл авсан эсэх, зарлигаар дархалсан төрийн тусгай хамгаалалттай газар Бурхан Халдунд хэн ч дураар авирлах эрхгүй атал яагаад тэд кино хийсэн бэ гэх асуудлыг тухайн үед “Зууны мэдээ” сонин сэтгүүлчийн эрэн сурвалжлагаар хөндөж байсан юм.
Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид ч тандалт судалгаа хийхдээ зөвшөөрөл авах ёстой. Түүнийг авахын тулд салбарын яам, холбогдох байгууллагуудад зохих бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд багагүй зам туулдаг. Гэтэл “Хаадын хөндий” төслийн удирдагч, АНУ-ын иргэн Альберт Линдэд тэр эрх бүгд нээлттэй байгаад зогсохгүй ямар ч хариуцлага хүлээгээгүй. “Зууны мэдээ” сонин тухайн үед энэ сэдвийг хөндөж, дээр нь “Бурхан Халдуныг онцгой бүс болгоё” гэсэн асуудлыг хөндөж цуврал хэлэлцүүлгүүд хийж, төр, засгийн шийдвэрүүд ч гарч байв. Бүс нутгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхэд танай сонины хэлэлцүүлэг хувь нэмрээ оруулсан гэж салбарын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл хэлж байсан билээ. Тиймээс энэ талаар товчлон Бурхан Халдун уулыг хамгаалах бол тухайн газар нутгийг цогцоор нь шийдэх хамгаалалтад авах талаар төрийн шийдвэр учир дутагдалтай байгааг дурдах нь зүйтэй болов уу.
Ер нь бол Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт дүнзэн байшингууд барьж амралтын газар байгуулсныг иргэд эсэргүүцэж багагүй хэл ам таталж байсан удаатай. Өглөгчийн хэрмийн ойр орчмыг ухаж сэндийлсэн асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар яригдаж байсан гэх мэдээлэл чих дэлсээд мартагдаж байв. Өглөгчийн хэрэм дотор л гэхэд хаад, ихэс дээдсийн шарил байгаа гэлцдэг. Мөн Өглөгчийн хэрмийн орчим байгаль орчныг сүйтгэж олон нүх ухчихаад түүнийгээ булаагүй байна гэх яриа ч тухайн үед гарч байлаа.
Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг гадаадын компанид ашиглуулахаар хууль бусаар лиценз олгосон гэх хэл ам ч бишгүй гарч байлаа. Хэрэв алтны уурхай ажиллаж эхэлбэл Онон гол, Бурхан Халдун уул, Амар мөрний ай сав бохирдох аюулд нэрвэгдэнэ гэсэн бухимдал нутгийн иргэдэд байсан. “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан суулт зарлаж, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, сумын нутаг Онон голын сав газарт нийт 779.23 га талбай бүхий MV 019023 кодтой ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр олгосон. Энэ нь урт нэртэй хуулийн зүйл, заалтуудыг ихээхэн зөрчжээ” гэж мэдэгдэл хийж байв.
Тэгвэл тэр үед салбарын сайдаар ажиллаж байсан Р.Жигжид дээрх мэдээллийг эрс үгүйсгэн”…Уул уурхайн яам Монгол Улсын бүхий л хууль дүрмийг ягштал мөрдөж байгаа” гэж мэдэгдэл хийж байв. Энэ мэтээр Гутайн даваа, Онон голын сав газарт алт олборлох лиценз олгож, ухаж эхэллээ хэмээн нутгийн иргэд эсэргүүцэж хэвлэлд хандаж ирсэн цөөнгүй баримт бий.
Энэ бүхний эцэст сануулахад Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлөөс “Онон гол ба уул уурхай” сэдэвт уулзалтыг зохион байгуулах үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шуналаасаа татгалзах хэрэгтэй. Бид Их Эзэн Чингис хаан гэж цээжээ дэлдэн ярьдаг. Тэгвэл түүхэнд тэмдэглэгдсэн “Монголын нууц товчоо”-ны дурсгалтай холбоотой газруудыг Төрийн тусгай хамгаалалтад авах ёстой” хэмээн хэлж байсан нь цагаан дээр хараар бичигдэж үлджээ. Энэ бол нэг ёсондоо Хэнтий нутгийнхны өмнө хүлээсэн үүрэг, өгсөн амлалт нь гэж үзвэл хэзээ хэрхэн хэрэгжүүлэхийг нь харах л үлджээ. Зарлигаар дархлагдаж, төрийн тусгай хамгаалалтад орсон Бурхан Халдун бусдын хөлд талхлагдаж болохгүй билээ.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: