Цагаан сарын битүүлэх ёс

ХУБИЛАЙ ХААН  ЦАГААН САРЫН  БАЯРЫГ НАМРААС ХАВАРТ ШИЛЖҮҮЛСЭН ГЭЖ    АКАДЕМИЧ  Ц.ДАМДИНСҮРЭН БИЧЖЭЭ-

Өнөөдөр бид хөгшин, залуугүй Цагаан сар гэж хэл алдаад л байна. Чухам энэ баярынхаа утга учир мөн чанарыг хэрхэн ойлгож байна вэ. Аливаа улс үндэстэн уламжлалт баяраа хамгийн чухалд үзэж үр хойчдоо өвлүүлэн тэмдэглэсээр иржээ. Манайхан Цагаан сараа тэмдэглэхийг зөвхөн хонины ууц тавьж, боов таваглан хүнд бэлэг өгөх төдийгөөр ойлгодог. Хамгийн чухал бэлгэдлийн зан үйлийг нь мэдэхгүй орхигдуулаад байна. Монголчууд эртнээс цагаан өнгийг эрхэмлэн элбэрэлт эхийн сүү мэт аз жаргалын бэлгэдэл гэж үзсээр иржээ.

Эрт цагаас Цагаан сар буюу шинэ оноо хавар биш намар есдүгээр сард тэмдэглэдэг байсан бөгөөд намрын сард сүү цагаан идээ элбэг байдаг тул Цагаан сар гэж нэрлэх болсон гэж ярьдаг. Ийнхүү жилийн дөрвөн улиралд ганц удаа сүүн сар гэж цагаан идээ элбэг цагаар баяр ёслол үйлддэг байжээ. Үүнийг “Үрс сар” буюу “Цагаан сар” гэж нэрлэдэг заншилтай гэж доктор Ч.Далай бичсэн нь бий. Мөн XIII зууны үед Монголд ирж байсан Европын жуулчин Марко Поло тэмдэглэлдээ “Тэдний он тоолол хоёрдугаар сараас эхлэнэ. Тэд заншил ёсоор эр, эмгүй цөмөөрөө аз жаргалтай энх тунх байхыг бэлгэдэн цагаан хувцас өмсдөг” гэж бичсэнийг үзэхэд монголчууд шинэ оноо эхлэх тооллын хугацааг XIII зууны үеэс өнөөгийнхтэй адил эхлүүлсэн ажээ. “Хубилай хаан Цагаан сарын баярыг намраас хаварт шилжүүлэн хаврын тэргүүн сард ёслох болсон бололтой” гэж академич Ц.Дамдинсүрэн бичсэн байдаг. Түүхийн явцад өвлийн хатуу ширүүн улирлыг эсэн мэнд давж, урин цагийн түрүүч хавартай золгох цагаар мал төллөж, идээний дээж хүртэх цагийг угтаж, Цагаан сараа тэмдэглэх болсон гэж эрдэмтэд үздэг. Өнөөдөр Цагаан сарыг Түвд, Япон, Хятад, Солонгос, Тайланд, Вьетнам зэрэг олон оронд тэмдэглэж байна. Цагаан сар нь монголчуудын хувьд хамгийн том баяр юм. Энэ нь билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох өдөр бөгөөд сар шинэчлэгдсэний, нас нэмсний, өвлийг өнтэй давсны баяр гэж үздэг байжээ. Уламжлал ёсоор Цагаан сарын баярыг нүүдэлчин монголчууд бид дээдсээсээ өвлөн авч өвлийн сүүл сарын 29-ний өдөр айл бүр гэр орноо цэвэрлэн бэлтгэдэг уламжлалтай. Энэ нь шинэ оныг ямар ч муу муухай зүйлгүй угтахын бэлгэдэл болдог байна. Билгийн улирлын сар бүрийн 15 ны орой тэргэл дугираг сар гарч манддаг.

Харин 30-нд сар харагдахгүй битүү харанхуй байдаг болохоор Цагаан сарын урд өдрийн зан үйлийг битүүлэх гэдэг байна. Монголчууд шинэ жил гарахын өмнө хуучин жилээ үдэх, шинэ жилээ угтах зан үйлийг үйлдэнэ. Шинэ жилийн өмнө хуучин онд хийсэн эхлүүлсэн ажил үйлээ дуусгавар болгож, өр авлагаа дуусгана. Хэн нэгнийг гомдоосон бол түүнийгээ цайруулдаг. Өвлийн адаг сарын шинийн 23-ны шөнө галын эзнийг тахина. 29-ны өдөр бурханаа тахина. Ингээд 30 буюу битүүний өдөр хонины ууц тавьж идээ цагаагаа таваглаж засна. Бурхан шашны сүм хийдэд шөнөжин хурал хурж, өглөө нь Лхам бурханыг буцаадаг. Лхам бурхан хул зүсмийн луус унаж, ертөнцийг хэд тойрон явах учир луус ихэд ядарч ам нь цангаж яваа учир битүүний орой айл бүр гэрийнхээ баруун тотгонд мөс тавьдаг учир нь түүний амны цангааг гаргаж байгаа санаа юм. Мөн айл бүр гэрийнхээ баруун тотгонд өргөстөй харгана хавчуулдаг нь гэртээ бузар муу муухай юм оруулахгүй гэсэн ёгт утгатай ажээ. Битүүний орой уламжлал ёсоо даган шаант чөмөгний мах идэж, ясыг нь мөлжөөд битүү гаргах уу гэж асуухад гэрийн доторхи бүх хүмүүс битүү гаргая гэж хариулна. Ясыг ташиж чөмгийг гаргана. Битүү гарсны дараа хүмүүс хоорондоо нарийн эрэмбээр битүүнийхээ идээ будааг идэцгээнэ. Ийнхүү монголчуудын битүүлэх ёсон нарийн дэгтэй байжээ.

Н.ЛХАГВА


URL:

Сэтгэгдэл бичих