Задарсан “Номин сүлжээ”-г дарах хүч байна уу?

nomin

Монголын хууль гурав хоног гэдэг бол “Номин холдинг” компанид нэг ч хоног үйлчилсэнгүй гэж бухимдах иргэдийг буруутгах арга алга. Угаас энэ компанид хаягласан гомдол хэзээнээсээ тасардаггүй гэх. Энэ удаад ч бас төрийн шийдвэрийг зөрчсөн гэх үйлдлээрээ түмний дургүйцлийг хүргэв.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрээр нийт 18 салбар чиглэлийн байгууллага, үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон. Харин Номин сүлжээ дэлгүүрт дээрх зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээнд багтаагүй цахилгаан бараа, хувцас, шинэ жилийн чимэглэл гэх мэт барааны тасгууд нээлттэй ажиллаж байгааг цахим хэрэглэгчид батлан илчилжээ.

Задарсаныг дарж, ядарсаныг дэмжинэ гэсэн сайдын үг, цаашлаад ЖДҮ эрхлэгчдийг хөгжүүлэх зэрэг төрийн бодлого цаас, амнаас цаашгүй гэдгийг энэ “монопольчид” нь нотлоод байх шиг.

Монголын нийт ажлын байрны 70-80 хувийг дааж явдаг жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид өнөөдөр гэртээ гал алдахад хүрсэн ч төрийн шийдвэрийг түмний төлөө гэсэн ухамсараар төө ч зөрөлгүй мөрдөж байна. Хаалгаа барьсан тэднийг харсаар суутал харин хажуу дэргэд нь хориотой тасгууд нээлттэй, хориглосон бараа нь дэлгээстэй байхад хэн яаж дуугүй өнгөрөх билээ.

Хуулийн хүрээнд авч үзвэл, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл /өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа/-ийн 12.1.7 дахь “Өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах” гэдэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл гарч болох талтай.

Монгол Улсын хууль, журам, шийдвэр хэнийг ч үл ялган хэрэгжих ёстой гэдэг хатуу шударга зарчмыг яг энэ цаг мөчид иргэд төрөөс нэхэж байна. Гэвч задарсан Номин компанийг дарах хүч энэ улсад байна уу? Тэд ер нь хаанаас энэ дархан эрхийг авч, бардам эдэлж чадаж байна вэ?


URL: