Амьд үлдэх уралдаан албан ёсоор эхэллээ дээ!

127218217_3500925373329159_6238180863421792061_n

Ингэж тэврэлдэх байсан юм бол яах гэж тус тусдаа хорионд суусан юм бэ? Нэртэйгээр нь амны хаалтаа хуваагаад, ээлжлээд зүүчихээч. Одоо тэгээд энэ шинжилгээ өгсөн хүмүүс байрлаж байгаа айл, буудалдаа очно. Төдөлгүй хөдөө тийш бэлчинэ. Улсын болон нийслэлийн онцгой комисс, эрүүл мэндийн салбарынхны ажлын уялдаа холбоог 11:00 цагийн мэдээнээс өөр цаг үед харж, бодитоор мэдэрмээр байна. Цаг авах гээд залгахаар утас нь болохгүй, шинжилгээ өгөх гээд очихоор бэлчээрийн мал цаашаа. Ядаж байхад яахын ч аргагүй бэлчээрийн сэтгэлзүйтэй хүмүүс хаа сайгүй. Усан дээр шавсан мал биш дээ, учраа өөрсдөө олмоор юм аа. Үдээс хойшдоо хоорондоо зодолдоно, дарааллаа булаацалдана.

Шинжилгээгээ өгчихлөө, нутаг буцна гээд эндээс гарангуутаа дэлгүүр хоршоо хэсч хүнс амттан цуглуулна, хөдөөнөөс гэрийнхнийхээ захисныг авна. Тэгээд хотоор нэг холхиж байгаад нэг унаанд чихэлдээд чиг зүгээ бараадаад 21 аймаг руу гараад давхина. Энэ яг юу гэсэн дохио, сануулга болохыг мэдэж байна уу? Энэ нийгэм, улс оронд цар тахлаас та өөрөө өөрийгөө л аварна, өөртөө л найдна, өөрөөр бол байдал улам муудахаас цаашгүй, мунгинахаас хэтрэхгүй. Соёлт хүний ёсоор гэр бүлээ болон өөрийгөө энэ бэлчээрийн сэтгэхүй, корона хоёроос хамгаалж үлдэх их тэмцэл ингээд эхэлж байна даа!

Эмүжин


URL: