КОВИД-19-тэй тэмцсэн БНХАУ-ын туршлага

250985-12022020-1581466311-1143916925-nuur_zurag-1000x570БНХАУ анх КОВИД-19 гарч, цар тахалтай тэмцсэн улсын хувьд өвчний тархалтыг зогсоох, нийгмийг хэвийн горимд шилжүүлэх талаар туршлагатай улс юм.

Цар тахлын үед БНХАУ-ын төв засгийн газар, орон нутаг, компани, аж ахуйн нэгжүүд шат шатандаа зорилтот чиглэлтэй бодлого шийдвэрийг гаргаж, салбар мэргэжил бүрийн онцлогт тохируулсан тодорхой дүрэм журмыг гарган мөрдүүлж, бодлого хоорондын уялдааг хангах талаар анхаарч, гарсан алдаа дутагдлыг цаг алдалгүй засаж ажилласан байдаг.

Тус улс КОВИД-19-ийн эсрэг төрийн хатуу хяналттай бодлого, арга хэмжээг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хэрэгжүүлснээр цар тахлыг богино хугацаанд давах боломжийг олгожээ.

Өмнөд хөршийн КОВИД-19-тэй тэмцсэн туршлага нь БНХАУ-ын улс төрийн тогтолцоо, улс орны хүчин чадал онцлогтой салшгүй холбоотой учраас манай орны цар тахлын эсрэг нөхцөлд шууд ашиглах боломжгүй. Гэхдээ БНХАУ-ын цар цахлын халдвараас сэргийлэхэд тулгарч буй бэрхшээл болон өмнөд хөршийн технологийн хөгжил шинэчлэл нь манай улсын анхаарч хөгжүүлэх шаардлагатай чиглэл юм.

Энэхүү танилцуулгад манай улсын цар тахалтай тэмцэж буй өнөөгийн нөхцөлд БНХАУ-ын КОВИД-19-тэй тэмцсэн туршлагаас зарим нэг санаа авч болохуйц арга туршлагыг дурдахыг хичээсэн болно.

Цар тахлын үеийн арга хэмжээ

Төр засгийн суртал ухуулга: ХКН-ын (Хятадын Коммунист Нам) суртал ухуулгын газраас нам засгийн бодлого үйл ажиллагааг сурталчилж, цар тахалтай холбоотой танилцуулга, бүтээл, гарын авлага хийж, олон нийтэд түгээв. Нийгэмд нөлөөтэй урлаг спортын одуудыг цар тахалтай тэмцэх сурталчилгаанд өргөнөөр оролцуулж, иргэд олон нийтийн сэтгэл санааг нэгтгэх талаар онцгойлон анхаарчээ.

Хот, хороо, хотхоныг хамарсан хатуу хорио: Цар тахлын голомт болсон хотод хатуу хорио цээрийн дэглэм тогтоож, богино хугацаанд бүх иргэдийг КОВИД-19-ийн шинжилгээ тестэд хамруулан сэжиг бүхий тохиолдлыг яаралтай тусгаарлаж байв.

Хотхон хариуцсан ажилтнууд (манайхаар бол СӨХ-ны ажилтан) болон сайн дурынхан КОВИД-19-д өртөмтгий нийгмийн эмзэг бүлэгт анхаарал хандуулж, гар утасны технологийг ашиглан мэдээллийг авч, шаардлагатай тусламжийг үзүүлэн хүнс, эмийн хэрэгцээг дөхүүлэн өгч байв.

Иргэд хороо хотхонд тавьсан хатуу хориог даган мөрдөж, 1 өрхөөс зөвхөн гэр бүлийн 1 гишүүн долоо хоногт 2-3 удаа гэрээсээ гарч, хэрэгцээтэй зүйлээ худалдан авна, хотхоноос гарч орохдоо халуунаа шалгуулж бүртгүүлнэ.

Ухань хотод гэрээс гарахыг бүрэн хориглож, сайн дурынхан өрх бүрд хэрэгцээт зүйлийг хүргэж өгч байсан. Цар тахалтай холбоотой мэдээллээс гадна эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байв.

Сайн дурынхны оролцоо: Цар тахлын онцгой байдал зарласан өдрөөс эхлэн БНХАУ-ын залуучуудын байгууллагаас хот, муж бүрд сайн дурынхныг зохион байгуулж, дайчлан ажиллуулав. КОВИД-19-ийн тархалтын үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын сүүл хүртэл БНХАУ даяар нийт 5.84 сая сайн дурынхан ажилласан байна. Сайн дурынханд эрүүл мэндийн байгууллага богино хугацааны сургалт явуулж, цар тахлын үед баримтлах хууль дүрмийн заавар зөвлөгөөг өгч тэднийг эмнэлэг, хотхон, чухал шаарлагатай албан байгууллагуудад хуваарилан ажиллуулжээ.

Технологийн хөгжлийг ашиглах: Цар тахлын үед иргэд цахим орчныг ашиглаж, өөрийн хэрэгцээт зүйлээ захиалж, дуудлагаар бэлэн мөнгө хэрэглэхгүйгээр худалдан авч байсан нь олон нийтийн хөдөлгөөнийг сийрэг байхад чухал нөлөөтэй үзүүлэв.

БНХАУ хотын хяналтын камерын систем, зайнаас халуун хэмжих хэрэгсэл, үүрэн холбооны оператор компаниуд, гар утасны WeChat апликейшн зэргээр дамжуулан асар том хяналтын системийг бий болгож, КОВИД-19-ийн тархалтыг хязгаарласан юм.

Цар тахлаас хэвийн горимд шилжих

Цар тахлын үед БНХАУ дотоодынхоо нөөц боломж чадамжийг шаардлагатай бүс нутагт төвлөрүүлэн ашиглаж, нийгэм, эдийн засгийг хэвийн журамд шилжүүлэхдээ КОВИД-19-ийн эрсдэлийг 3 шатанд ангилсан. Үүнд:

  1. Өндөр эрсдэлтэй бүс нутагт орчны ариутгалын ажлыг хийж цар тахлын хатуу хяналт хорио цээрийг тогтоох;
  2. Дунд эрсдэлтэй бүс нутгийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж тухайн бүс нутгийн өвчний тархалтыг хумих арга хэмжээг авахын зэрэгцээ үе шаттайгаар шинэ хэвийн горимд шилжих алхамыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах;
  3. Бага эрсдэлтэй бүс нутгийн үйлдвэрлэлийг сэргээж, ажил амьдралыг шинэ хэвийн горимд шилжүүлэх гэсэн үе шаттай байна.

БНХАУ технологийн хөгжлийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэн цахим хэрэглээнд шилжин иргэн бүр нь өөрийн гэсэн QR кодтой болж, WeChat сүлжээг ашиглаж байгаа нь цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед эрүүл мэндийн хяналтыг тогтоох, цар тахлын дараах нийгмийн амьдралыг хэвийн горимд буцаан оруулахад үйл явцад үүрэг гүйцэтгэсэн байна.

Хүн бүр явсан газар бүрдээ хувь хүний QR кодоо уншуулж, биеийн халуунаа тухайн газартаа бүртгүүлэх үүрэгтэй. Ингэснээр иргэн бүрт хяналтыг тогтоож, эрсдлийг ангилах боломжтой болжээ.

Цар тахалтай зохицон амьдрах шинэ хэвийн горим

БНХАУ одоогоор КОВИД-19-ийн дараах нийгмийн шинэ нөхцөл байдалд дасан зохицож бүх шатны байгууллага хэвийн ажиллаж байна. Албан байгууллага, эмнэлэг, бүх шатны сургуулиуд, үзвэр үйлчилгээний газрууд орж гарч буй хүмүүсийн биеийн халууныг мэдээллийн санд бүртгэж ажилтан албан хаагчид, сурагч оюутнууд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж байна.

Цаашид анхаарах зүйл: БНХАУ-д импортоор орж ирж буй хүйтэн хөргүүрийн бүтээгдэхүүний (Загас Vertebrata) савлагаанаас КОВИД-19-ийн халдвар илэрч байгаа учраас импортын бүтээгдэхүүний хяналт шалгалтыг чангатгаж байна.

Хүйтэн цаг ууртай манай улсын хувьд ч мөн адил гадаадын орнуудаас импортоор олон төрлийн бүтээгдэхүүн авдаг. Өвлийн улиралд КОВИД-19-ийн вирустэй бүтээгдэхүүн хилээр орж ирэх эрсдэлтэй байгаа учраас импортын бүтээгдэхүүний гадаргууг шалгаж ариутгах арга хэмжээ авах шаардлагатай байна.

Манай улсын иргэд олон нийт орчин үеийн технологийн ололтыг хэсэгчлэн хэрэглээндээ нэвтрүүлээд байгаа ч салбар бүрийг хамарсан цогц цахим хэрэглээг нэвтрүүлээгүй байгаагаас энэ удаагийн цар тахалтай үр дүнтэй тэмцэх хяналтанд оруулах боломжийг удаашруулж байгаа юм. Цаашид олон улсын чиг хандлагыг дагаж төр олон нийтийн “их өгөгдөл”-ийг (BIG DATA) хөгжүүлж, цахим мөнгөний хэрэглээ, интернэт худалдаа, цахим хүргэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох шаардлагатай байна.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Анхбаяр


URL:

Tags: