Би гуравдахь ”мод” нь

Парламентад суудалгүй намууд МАХН, МҮАН-тай эвсэх үйл явц өнгөрөгч долоо хоногт эрчимжлээ. Үүнийг харуулсан нэг зүйл нь Б.Жаргалсайхан тэргүүтэй БНН-ынхан нэгдэхээр болсон тухай байв. Энэ талаараа ч Б.Жаргалсайхан “Манай нам Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын байгуулсан улс төрийн холбоонд орсон. Хоёр мод гал болохгүй. Энэ хоёр том улс төрч надтай нийлээд “гурван мод” болж сонгуулийн хувьсгалаа хийвэл ялах болно” хэмээн мэдэгдээд авав.

Мөн яагаад заавал Н.Энхбаяр, М.Энхсайхан нартай нийлэв гэх хардсан асуултад “Энэ хоёр намтай эвсч байгаа нь эмзэглээд байх зүйл биш ээ. Ямар Хятадын Коммунист нам, Хойд Солон­госын ком­му­нист нам, Гит­лерийн нацист намтай нийлсэн биш. Бидэнд арвин их туршлага байна. М.Энхсайхан бол ардчилсан тө­рийг эмхлэн бай­гуулах аж­лыг анх хийсэн. Төрийн аппаратыг цомхотгоё гэж зүтгэж байсан. АН-ыг хоёр ч удаагийн сонгуульд ялуулсан шүү дээ. Н.Энхбаярын хувьд Монгол Улсын төсөв 500-хан сая ам.доллар байх тэр хэцүү үед төрийг удирдаж явсан хүн. Бүр Мянганы замыг тавьж байсан” гэж тайлбарлав.

Мэдээж түүнээс ёж үг гарах нь тодорхой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архигүй баярлахыг уриалсан бол тэр харин ч эсрэгээр нь архиа тааваар уухыг ерөөв. Энэ нь махны үнэ өссөнийг хэлэх гэсэн санаа бололтой “Та минь ээ, цагаан сараар элбэг дэлбэгээр нь архиа уугаарай. Бууз бол санахын гарз. Яах вэ, зүгээр л ганц сайн үнэртээрэй” гэсэн юм.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих