Коронавирус цар тахлын үеэр ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ТАНИХ долоон арга

10-28-5

Коронавирустэй холбоотой хуурамч мэдээлэл нь вирусээсээ ч хурдтай тархаж буйд олон улсын баримт шалгагчдын нийгэмлэг ихэд санаа зовниж буй. Саяхан л гэхэд Иранд “вирусээс урьдчилан сэргийлэхэд спирт ууж хэрэглэх нь үр дүнтэй” гэх мэдээлэлд итгэж 600 гаруй хүн,амь насаа алдсан тохиолдол гарсан.

Коронавирустэй холбоотой хуурамч мэдээлэл дунд батлагдаагүй, арилжааны зорилготой эмчилгээний аргыг сурталчилсан, сурвалжилсан, вирусийн тархалтын шалтгааныг таамагласан, түүнд хэн нэгэн хүн, эсвэл улсыг хэт буруутгах гэсэн хандлагатай мэдээлэл түгээмэл байна.

Politifact коронавирустэй холбоотой хуурамч мэдээллийг таних долоон аргыг зөвлөж байна.

Тухайн өвчний тухай суурь мэдлэгтэй бол:

Тухайн өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ? Хэрхэн халдварладаг вэ? Өөр ямар өвчинтэй төстэй вэ? Өвчний тухай суурь мэдээлэлтэй сайтай байх тусам цахим орчинд цацагдаж байгаа хуурамч мэдээллийг танихад хялбар байх болно. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийллийн төв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжаас эдгээр мэдээллийг аваарай.

Энэхүү өвчнийг санаатайгаар тараасан гэх мэдээллүүдийг бүхэлд нь бүү тоо:

Шинэ өвчин тархсан эхний үед тухайн өвчнийг хаанаас гаралтайг тодорхойлоход хэцүү. Энэ үед л төрөл бүрийн таамаглал дэвшүүлсэн элдэв онолууд тархдаг. Коронавирусийн хувьд үүнийг биологийн зэвсэг, лабораторид бүтээгдсэн, эрх мэдэлтэй хэн нэгэн эмийн шинэ зах зээл бий болгохын тулд бүтээсэн гэх мэт мэдээлэл цацагдаж байгаа бөгөөд та тэдгээрийг бусадтай хуваалцахаас аль болох зайлсхийгээрэй.

Зураг, видеог нягтал:

Аливаа өвчлөлийн тархалт идэвхтэй үргэлжилж байгаа үед олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц зураг, бичлэгт хүмүүс итгэх нь хялбар байдаг. Тухайн өвчнөөр өвчилсөн хүмүүс, өвчлөлд төр, засгийн үзүүлж буй хариу үйлдэл зэргийг харуулсан зураг, бичлэгт шууд итгэхгүй байхыг зөвлөе. Эргэлзэж байгаа үедээ Google Reverse Image Search, Revey, InVid зэргийг ашиглаж, тухайн зургийг өмнө ашигласан эсэх, ямар мэдээлэлд, хэзээ ашигласан зэргийг шалгаарай. Facebook-тээ зураг оруулах боломжтой хүн бүр эдгээрийг ашиглах боломжтой шүү.

Тохиолдлын тоо, нас барсан хүмүүсийн тоо, нас баралтын хувь зэргийг дахин нягтал:

Эдгээр нь тухайн өвчлөл хэр ноцтой түвшинд хүрснийг илтгэдэг үзүүлэлт бөгөөд, өдөр бүр өөрчлөгддөг. Энэ үзүүлэлт тогтворгүй байдаг учраас хэт хуучирсан мэдээллийг ашиглаж өөр агуулгыг баяжуулах, үнэн бодит тоог гуйвуулах байдлаар хуурамч мэдээлэл үйлдвэрлэх нь түгээмэл байдаг. Үнэн бодит мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “нөхцөл байдлын тайлан”-гаас хараарай.

Өвчний аюулыг хэт дэвэргэх, эсвэл хэт сулруулах гэсэн оролдлогуудаас болгоомжил:

Олон нийтийг хамарсан өвчлөлийг улс төржүүлэхгүй өнгөрөөх нь ховор. Өвчлөлийг ашиглан хэн нэгэн хүнийг, намыг, байгууллагыг буруутгах оролдлого түгээмэл гардаг. Өвчний тархалтыг хэн нэг улс төрчид, намд, хэсэг бүлэг хүмүүст нялзаах гэсэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Өвчлөл олон учир шалтгааны улмаас тархдаг бөгөөд олон нийтийн сүлжээгээр цацагддаг мэдээлэлд өгүүлдэг шиг хэн нэгэн буруутныг олж тогтоох нь тийм хялбар зүйл биш юм.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эсвэл эмчлэх аргуудыг мэргэжлийн эх сурвалжаас давхар нягтлалгүйгээр бүү түгээ:

Өвчний тархалт нэмэгдэхтэй зэрэгцэн түүнийг эмчлэх, эсвэл түүнээс урьдчилан сэргийлэх аргуудыг номлосон мэдээлэл тархдаг. Ихэнх нь хор хөнөөлгүй байж болох ч энэ дунд цэвэр спирт уух, цайруулагч бодис уух зэрэг хүний эрүүл мэндэд хортой мэдээлэл ч цацагдаж байна. Ямар ч төрлийн мэдээлэл байсан эцсийн үр дүн нь хуурамч мэдээлэл юм. Өөрийгөө өвчнөөс сэргийлэх батлагдсан аргыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны эх сурвалжаас аваарай.

Одоо хүртэл тодорхой болоогүй байгаа зүйлсийн тухай мэдээлэлтэй бай:

Одоо хэр нь коронавирустэй холбоотой маш олон зүйлийг эрдэмтэд олж, нээж чадаагүй байна. Энэ өвчин хэрхэн тархаж байгаа, ямар үедээ хамгийн идэвхтэй халдварлаж байгаа, хүний амь насанд хэдий хөнөөлтэй зэрэг суурь мэдээллийг л гэхэд тодорхой мэдэхэд хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаа шаардагддаг. Харин энэ хугацаанд хуурамч, зохиомол мэдээ цахим орчинд хялбархан тархдаг тул эцсийн мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөе.

1518 Коронавирус цар тахлын үеэр ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ТАНИХ долоон арга


URL: