Цар тахлын голомтод ажиллаж буй албан хаагчдыг урамшуулж, зарим нэр төрлийн барааг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө
Засгийн газар хуралдаж дууслаа. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар УОК-ын гишүүд мэдээлэл хийв. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар ”Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгье. Шинэ коронавирусийн голомтод ажиллаж байгаа эмч, онцгой, цагдаа, төрийн албан хаагчдад урамшуулал олгох асуудлыг шийдлээ. Эхний ээлжид 14809 хүнд олгоно. Уг мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэнэ.
Хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хавраас хойш хэд хэдэн шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой хоёр шийдвэр гаргасан. Нэгдүгээрт зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөх хүсэлтийг УИХ-д гаргахаар боллоо.
Хоёрдугаарт, хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор улаанбуудай импортоор авахаар боллоо.
Ерөнхий сайдаас өгч байгаа чиглэлийн дагуу УОК, холбогдох төрийн байгууллагууд, аймаг нийслэлийн онцгой комиссууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Сэлэнгэд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан баг, Дархан-Уул аймагт ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяраар ахлуулсан баг ажиллаж байна” гэв.
URL: