21 хоногын тусгаарлалтаас гарсан иргэнээс ковид-19 илэрч, дөрөв хоногын дараа эхнэрээс нь халдвар илэрчээ
УОК-оос мэдээлэл хийлээ. УОК-ын дарга Шадар сайд Я.Содбаатар “УОК-ын хуралдаан дөнгөж сая 06.08 цагт дууслаа. Олон улсын жолооч 21 хоног тусгаарлагдаж байж байгаад гэртээ очсон. Гэтэл тухайн хүнээс коронавирусийн халдвар илэрч, мөн гэр бүлийнх нь хүнээс дөрвөн хоногийн дараа халдвар илэрсэн. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэл Улаанбаатар хотод гурван хоногийн хөл хорио тогтоож байна. Хөл хорио тогтоох энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох, мөн тандалт судалгаа хийнэ.
-Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
-Баар, цэнгээн, үзвэр үйлчилгээг гурван хоног хаалаа.
-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурван хоног хааж байна.
-Нийтийн тээвэрт зохицуулалт хийж, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.
Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарах шаардлагагүй” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ”Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гарсан. Тусгаарлагдаад гарснаас нь хойш тандалт судалгаа хийн шинжилгээ авахад жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тиймээс эхнэртэй нь хамт ХӨСҮТ-д тусгаарласан. Улмаар тэдгээр хүмүүстэй хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авахаар ажиллаж байна. Тиймээс ард иргэд маскаа зүүх, гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Хэрвээ коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл 119 утсаар холбогдож, эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй” гэв.
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан ”Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хааж байна. Гурван хоногийн тандалт судалгааны хугацаанд Улаанбаатар хотоос аймгууд руу хүнс түгээх, шатахуун түгээх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, буяны машинуудыг тодорхой хяналттайгаар гаргана. Коронавирус илэрсэн иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон 16 иргэнийг тусгаарлан, шинжилгээ хийж байна. Тиймээс иргэд дотооддоо алдчихлаа хэмээн сандарч үймж болохгүй. Үүнийг ЦЕГ, ТЕГ, МХЕГ өнөөдөртөө багтаагаад тандалт судалгаа хийнэ. Цаашид олон маршрут гараад үзвэр үйлчилгээний газруудаар явсан, компаниудаар орсон бол ахин тодотгож, нэг бүрчлэн шалгана.
Хяналтад байх иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орныг нь хамгаалалтад байх ажлыг цагдаагийн байгууллага хийж байна” гэлээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ”Хүнсний хангамжийг хангалттай нөөцөлсөн. Францын иргэнээс коронавирусийн халдвар илрэхэд манай иргэд хүнсийг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүр супермаркетуудад очер, дараалал үүсгэж байсан. Тиймээс иргэдийг энэ гурван хоногийн хугацаанд ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллаад явна” гэв.
Түүнчлэн иргэд мэдээ мэдээллийг албаны эх сурвалж буюу төрийн байгууллагаас авч байхыг онцгойлон анхаарууллаа.
URL: