“Цагааннуур” боомтоор ТОДОРХОЙ ӨДРҮҮДЭД ачаа тээвэр нэвтрүүлнэ

Capture_20201110161538УОК-ын ээлжит хуралдаан болж, ОХУ-тай залгаа хил, боомтуудаар ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Зам тээвэр хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд тэргүүтэй ажлын хэсэг Алтанбулаг боомт, Увс аймгаар ОХУ-тай хиллэдэг Боршоо, Хандгайт, Баян-Өлгий аймгаар ОХУ-тай хиллэдэг Цагааннуурын боомтод ажиллалаа. Гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Гадаад харилцааны сайд Энхтайвнаар ахлуулсан ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулж, эрсдэлийг үндэслээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэр гаргаж байна. Учир шалтгаан нь гэвэл нийт 40 орчим тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэн. Алтанбулаг боомтоор орж ирсэн монгол, беларусь, орос тээврийн жолооч нараас халдвар илэрсэн. Гурав нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан. 37 жолоочийг авчирч, ХӨСҮТ-д эмчлэх явцад тээвэрлэлтийн болон бусад үед халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж, тархах вий гэж Алтанбулаг боомтын ачаа тээврийг хаах шийдвэрийг гаргаж байна. Тус боомтоор иргэд зорчих хөдөлгөөнийг бол хаагаагүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар маргааш гаргана” гэлээ.

Оростой хиллэдэг бусад боомтыг энэ сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг мөн гаргажээ. Гэхдээ Цагааннуур боомтоор гарагийн зохицуулалттайгаар сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээвэр оруулж байх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулах санал гаргалаа.

ОХУ-тай хиллэдэг Тэрс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтуудыг түр хугацаагаар хаах саналыг УОК-оос гаргаж байгаа юм.


URL: