Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шийдвэрүүд
“Зүрх судасны эмээ эхний өдөр нь ч авч чадсангүй”
Б.ДОЛЖИНЖАВ
Ахмадууд энэ сарын 1-нээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эм авах боломжтой болсон. Энэ шийдвэр нь сар бүрийн эхэнд эмийн сангийн үүдийг үүрийн таван жингээс эхлэн сахьсан ч эцэст нь худалдан авах гэж буй эм нь дуусчихдаг байдлыг халж, ахмад настнуудынхаа нэгэн том асуудлыг шийдвэрлэсэн оновчтой шийдвэр хэмээн Засгийн газрын хуралдааны үеэр сайшааж байв. Тэгвэл энэ нь үнэхээр ахмадад ээлтэй шийдвэр мөн эсэхийг сурвалжлахаар 11:00 цагт Хүнсний IV дэлгүүрийн эсрэг талд байрлах эмийн сан руу очлоо.
Биднийг ороход эмийн санчаас өөр хүн байсангүй. Учрыг асууваас эмийн сангийн сүлжээ шинэчлэл хийж байна гэсэн шалтгаанаар ажиллахгүй байгаа тул дараалалд зогсож байсан ахмадууд залхаад буцсан байв. Энэ талаар эмийн санч С.Оюунчимэг “Эмийн сан 08:10 цагт нээсэн цагаас эхлээд сүлжээ ажилласангүй. Өглөө эрт ирсэн ахмадууд хэсэг хүлээж байгаад буцсан. Сүлжээ байхгүй учраас эм олгох ямар ч боломжгүй. Яагаад сүлжээ тасалдсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Аравдугаар сарын 20 гарчихсан байхад зарим эмийн сангийн зөвшөөрлийг олгоогүй байсан. Тэгснээ шийдвэрээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн нь төр ямар ч бэлтгэлгүй байсныг харууллаа. Одоо хүртэл сүлжээгээ шинэчилж байна гээд бидний ажлыг уялаа. Хэзээ сүлжээ орж ирэх нь тодорхойгүй, энэ шийдвэрийг яг ямар хүн хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, зохион байгуулалтгүй байна. Эмийн санд 38 жил ажиллахад сүүлийн 5-6 жил эмийн үнийн хөнгөлөлттэй холбоотой асуудал их хүндэрсэн. Төрөөс олгох эмийн тоог дутуу өгнө. Гүйцээгээд ахмадууддаа олгочихоор хязгаар хэтрүүлсэн гээд цалингаас хасна” гэж ярьсан юм. Эмийн сангаас гараад тааралдсан ахмад настангуудаас тодруулахад “Миний орсон 2-3 эмийн сангийн сүлжээ нь болохгүй гээд өөр эмийн сан хайж явна” гэсэн хариу өгсөн юм.
Үүний дараагаар бид 100 айлд байрлах Моносын эмийн сан руу очлоо. Өмнөх эмийн сантай харьцуулахад давчуухан зайнд 10 гаруй ахмад настан дараалан зогссон байв. Маш жижиг зайнд олон цагаар дараалан зогсоход амьсгалахад хүнд байгаа нь ахмадуудын харцнаас илт. Мөн гурав нь сандал дээр сууж бусад нь ээлжээ хүлээн хамгийн багадаа 2-3 цаг зогсох шаардлагатай болжээ. Зарим нь залхсан, ядарсан, бүр нойрмоглож байгаа харагдав.Тус эмийн сан хурууны хээгээр бус нэрсийн жагсаалтаар эмээ олгож байгаа аж. Эмээ аваад гарч буй ахмад настан Б.Сарантуяа “Би өглөө 08:00 цагт ирээд 12:00 цаг болж байхад арайхийн эмээ бичүүлж авлаа. Гурван төрлийн эм авдагаас толгойны нэг эм маань хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасагдсан байна. Бас зүрх судас, тархины чухал эм хасагдсан талаар олон ахмад настан ярьж байна” гэсэн юм. Түүнтэй ярилцсаны дараа эмийн сан руу буцаж орж ирэхэд ахмадууд “Юу. Экватор дуусчихсан юм уу. Байхгүй гэж үү” хэмээн шуугиж байв. Тэдний ингэж сандарч байгаа Экватор нь цусны даралтыг бууруулдаг маш чухал эм юм. Мөн Ахмад настан Д.Бат-Очир “Өвөө нь 10:30 цагт ирэхэд 10 орчим хүн зогсож байсан. Хүлээж байгаад 12:00 цаг өнгөрөөж гурван эмнээсээ хоёрыг нь авлаа. Элэг хамгаалах, цөс хөөх Урсомон гэдэг эм нь цахимд ороогүй байна. 3-4 хоногийн дараа ирж ав гэсэн. Ес, аравдугаар сард ч тасарсан гэсэн шалтгаанаар Урсомоноо авч чадаагүй. Тав хоногийн дараа ирэхэд байх юм уу, бүү мэд” гэсэн юм.
Эхний эмийн сан сүлжээ гацсан гэсэн асуудлаар биднийг угтсан бол дараагийн хэд хэдэн эмийн санд маш чухал эм нь ирээгүй гэсэн бас нэгэн сайнгүй мэдээ сонслоо. Биднийг дээрх эмийн сангаас гарах үед 70 орчим насны эмэгтэй үүдэнд суух эмийн санчаас “Энэ хүмүүс хэзээ эмээ авч дуусах юм бэ. Хэр удаан хүлээх бол” хэмээн асуухад эмийн санч “Би яаж мэдэхэв дээ” хэмээн уцаарлангуй хариуллаа. Эхнээсээ бусад улс орон шиг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад явсан бол ахмадууд өрхийн эмнэлэг рүүгээ эмээ бичүүлэх гэж очиж, уур уцаараа барин эмийн санд дараалан зогсохгүй. Харин чиг эрүүл биетэй, саруул ухаантай өөрийн сонирхлын зүйлээ хийн сууж байх сан. Алхах чадвартай нь өдөржин зогсоод ч хамаагүй эмээ авчихлаа. Харин хэвтэрт, харж хандах хүнгүй, ганцаар гэрээс гараад эмийн сан ороод эм авах чадалгүй ахмад настнуудад эмийг нь хэрхэн олгох талаар яагаад хэн ч дуугарсангүй вэ. Бидний “Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё” гэсэн нийтлэлээрээ хөндөж байсан шиг хэвтрийн ахмадууд төрийн халамж, анхаарлаас ангид үлдэв.
Нэг өрх сард дунджаар 80-160 мянган төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ
Б.НАМУУНТАМИР
Гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифыг энэ сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 100 хувь чөлөөлөхөөр болсон. Өмнө нь нийслэлийн айл өрхийг 100 хувь, хөдөө орон нутгийн айл өрхийн цахилгааныг 50 хувь хөнгөлж байсан бол энэ жил Засгийн газрын шийдвэрийн дагуу 21 аймагт 100 хувь хөнгөлөлт үйлчилж эхлээд байгаа билээ.
Нийслэлийн гэр хорооллын 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай Сэлэнгэ аймгийн Мандал сум, Замын-Үүд, Өвөрхангай аймгийн Хархорин зэрэг суурин газруудын нийт 189 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тариф 100 хувь хөнгөлөгдөж байгаа юм. Энэ өвөл, хаврын цахилгааны хөнгөлөлтөд 23.2 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн.
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд тус онд 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Харин өмнөх онд 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлж байжээ. Харин энэ оны 1-3 сард 11.9 тэрбумын хөнгөлтийг хэрэглэгчдэд үзүүлж байсан аж. ЭХЗХ-ны газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Засгийн газрын журмын дагуу стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид 21:00 цагаас өглөөний 06:00 цагт хүртэл цахилгааны тарифын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах юм. Хүчдэлийн түвшингээс хамаарч 220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь, 380 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь тус тус хөнгөлнө” гэв.
Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг чөлөөлснөөр 220 В-ын хүчдэлийн түвшинтэй нэг өрх сард дунджаар 80 мянган төгрөгийн, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй өрх сард дунджаар 160 мянга гаруй төгрөгийн хөнгөлөлт авахаар болж байгаа юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.3 МЯГМАР № 212 (6437)
URL: