Үүдээ нээдэггүй “Хөшигийн хөндийн онгоцны буудал” зөвлөх үйлчилгээнд 90 гаруй тэрбум төгрөг ТӨЛЖЭЭ

uhklcbxi

 

Монгол Улс нисэх онгоцны шинэ буудалтай болохоор арав гаруй жил ярьж байна. 2013 онд УИХ-аас 18 дугаар тогтоол баталж, шинээр баригдах олон улсын нисэх буудлыг Зүүн Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгох, тус нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар болсон байдаг.

 

Бодлого тийнхүү цаасан дээр буусан ч өнгөрсөн жилүүдэд шинэ нисэх буудал албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Бүтээн байгуулалтууд хийгдээд байна гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс үе үе өгдөг ч үүдээ нээхгүй удаад байгаа шалтгааныг нь зээл олгогч тал болох Япон Улс үе үе тодруулж асуудаг хэвээрээ.

Тус улсын  парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга  Тадамори Оошима гурван жилийн өмнө манай улсад айлчлахдаа ч  асууж, лавлаж байсан билээ.

Тэрбээр шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох, цаашдаа нисэх онгоцны буудлыг өргөтгөх боломжтой эсэх, шинэ нисэх онгоцны буудлыг дагасан хурдны зам хэдийд барьж дуусах вэ гэсэн асуултуудыг тавихад тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбат  “2018 оны наймдугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулах төлөвтэй. Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмж, цаашид өргөтгөл хийх боломжтой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих хурдны зам бидний хүсэн хүлээж буй шинэ нисэх буудлыг нээхтэй зэрэгцэн ашиглалтад орно” хэмээн хариулж байлаа.

Өмнөх сайд ийн хариулснаас хойш ГУРВАН  он улирч, салбарын сайд ДӨРВӨН удаа солигджээ.

Харин Хөшигийн хөндийн нисэх буудал үүдээ нээгээгүй хэвээрээ л байна. Нисэх буудал үүдээ нээх хугацаа хойшлох тусам Монгол Улсын өр нэмэгдэж буйг “Шилэн данс”-ны мэдээллээс ойлгож харж болох юм.

Сануулахад, хагас тэрбум ам.долларын зардал бүхий уг төслийг Япон Улсын зээлээр санхүүжүүлж буй. Зээл гэдэг бол Монгол Улсын татвар төлөгч ард иргэдийн халааснаас төлөгдөх өр гэсэн үг. Зээлийг төсвийн зардалд оруулж тооцдог. Тиймээс ч төслийг хэрэгжүүлэгч манай талын нөхөд “Ланд круйзер-200” маркийн машиныг 723 сая төгрөгөөр үнэлж, тооцож авсан гэх аудитын байгууллагын дүгнэлтэд хэвлэлийнхэн анхаарал хандуулан, бичиж байсан билээ.

Тэгвэл үүнээс гадна Хөшигийн хөндийн нисэх буудлыг дагасан өндөр дүнтэй зардал гарсаар байна. Тэдгээр зардал бүр нь манайд шингэж үлдэх бус Япон улсын компаниуд руу шилждэг болохыг дараах мэдээллээс харж болох юм.

Тодруулбал, 2019 онд уг төслийн хүрээнд “Азүса Секкей” компанид Зөвлөх үйлчилгээний төлбөрт 7 тэрбум 791 сая 858 мянга 509 төгрөг шилжүүлсэн байна.

Энэ 2020 он гарсаар ч зөвлөх үйлчилгээний хөлсийг  “Азүса Секкей” компани руу шилжүүлсээр байна. Нэгэнтээ өөрсдөө чадахгүй, мэдэхгүй гээд түмэн шалтгаан байдаг учраас зөвлөх үйлчилгээ авч буйг нь ойлгож байна. Гэсэн ч төсөл хөрсөн дээр буухгүй удах тусам Зөвлөх үйлчилгээний компани зээлийн данснаас жилд хэд хэдэн удаа тус бүр нь нэг тэрбумаар хэмжигдэх төгрөгтэй тэнцэх иенийг үйлчилгээний төлбөртөө авсаар байна.

Тодотгоход, Төслийн зөвлөх компани сонгон шалгаруулалтын явцад  ”Азүса Сэккэй”, ”Ориэнтал Консалтанс Глобал” компанудын түншлэл техникийн саналаараа шалгарч, тэдний гаргасан  санхүүгийн санал дээр үндэслэн зөвлөхийн гэрээний хэлэлцээрийг 2009 оны зургаадугаар сарын 9-17-ны хооронд хийж тохиролцоонд хүрсэн байдаг.

“Азүса Секкей” компани руу төслийн Зээлийн данснаас шилжүүлсэн сүүлийн буюу 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн гүйлгээний тайлбар нь Зөвлөх үйлчилгээний 76 дахь төлбөр байгаа юм.

Төлбөрийн мэдээллийг харж байхад ихэнх тохиолдолд 1,3 тэрбум орчим төгрөгийг Зөвлөх үйлчилгээний төлбөрт шилжүүлдэг аж. Тэгэхээр нийтдээ 76 удаагийн төлбөр шилжүүлсэн гүйлгээний дүн 90 гаруй тэрбум төгрөг болж байна.

Энэ онд Зөвлөх үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн мөнгөний дүн:

  • 2020 оны нэгдүгээр сарын 6-нд 1,522,612,795 төгрөг
  • 2020 оны нэгдүгээр сарын 17-нд 1,317,792,020 төгрөг
  • 2020 оны хоёрдугаар сарын 8-нд 1,334,795,788 төгрөг
  • 2020 оны хоёрдугаар сарын 28-нд 1,334,795,788 төгрөг
  • 2020 оны зургаадугаар сарын 30-нд 841,244,430 төгрөг
  • 2020 оны наймдугаар сарын 5-нд 757,745,178 төгрөг
  • 2020 оны есдүгээр сарын 29-нд 626,860,731 төгрөг

Эхэнд хэлсэнчлэн бид өр тавьж энэ төслийг босгож байгаа. Хэдийчинээ хурдан түргэн дуусгана, төдийчинээ эдийн засгийн үр ашиг нь гарах ёстой. Гэтэл элдэв олон шалтгаан тоочсоор, гаднын компанид зөвлөх үйлчилгээнийх нь хөлсөнд тэрбум тэрбумаар мөнгө өгсөн хэвээрээ байна.

Өрийг эргэн төлөх хүмүүс нь өнөөдрийн эрх мэдэлтнүүд биш л дээ. Угаасаа төрд өөрийн гэсэн мөнгө байдаггүй. Төрийн мөнгө гэдэг бол угтаа татвар төлөгч аж ахуйн нэгж, ард иргэдийн төлсөн татварын мөнгө байдаг. Гэвч эрх мэдэлтэй нөхөд үүнийг үл тоож, ёс зүйгүй, хариуцлагагүй байгаагийн нэг тод жишээг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төслөөс бэлхнээ харж болох юм.

Zindaa.mn


URL: