Туркийн газар хөдлөлт: Амиа алдсан хүний тоо 76 болжээ
Өнгөрсөн баасан гарагт Турк улсад газар хөдөлж, 64 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин сүүлийн үеийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 76 болжээ. Шинэчилсэн мэдээллийг Туркийн Онц байдал, байгалийн гамшгийн агентлаг 11 дүгээр сарын хоёрны даваа гаригт нийтэлсэн байна.
“Сүүлийн үеийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас 76 хүн амиа алджээ. Байгалийн гамшгийн улмаас 962 хүн гэмтэж бэртсэнээс 743 нь эмнэлгээс гарсан, 219 хүний эмчилгээ үргэлжилж байна” хэмээн Онц байдал, байгалийн гамшгийн агентлаг мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас нурсан найман барилгын нуранга дээр аврагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 10 дугаар сарын 30-ны өдөр Туркийн Измир мужийн Сеферихисар хотоос холгүйхэн 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомт Эгейн тэнгист, 16,54 км гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа 658 чичиргээ болсноос 40 орчим нь дөрвөөс дээш магнитудын хүчтэй байсан гэнэ. Газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ хөрш зэргэлдээх Грек улсад ч мэдрэгдсэн бөгөөд энэ улсад хэд хэдэн хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
URL: