“Оюу Толгой”-н ТУЗ-ийг мэргэжлийн баг болгох Л.Оюун-Эрдэнийн хүсэл биелсэнгүй

712-1604019600cc66ddf12a5c6a47dbd98f3ba752990b
Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр УИХ-аас тогтоол баталсаны дагуу Засгийн газраас уг асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан юм.

Уг ажлын хэсгийн анхны хуралдааны дараа л УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ: ” “Оюу Толгой” -ын ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, өөрчлөх асуудал яригдаж байгаа. Одоогоор манай талаас гуравхан ТУЗ-ийн гишүүн байгаа. Тэр хүмүүс хамгийн наад зах нь санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой юм. Юуны өмнө бид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ. Тэнцэхгүй бол тэр л биз.” хэмээн өгүүлж байв.
Улмаар “Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны 05 дугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна” гэсэн албан мэдээ гарч байлаа.
Тэр бүү хэл “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэлж байв.
Сонгон шалгаруулалтын зард ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлагыг : ” Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
1.  Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
2.  Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай; буюу эсвэл
  Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;
  Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно;  АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно; гэхдээ аль аль нь Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх.” гэсэн байлаа.
Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюу Толгой”  компаний ТУЗ-ийн гишүүнээр үлдсэн нь уул уурхайн засаглалын төрийн мэдлийн оролцоог мэргэжлийн, олон улсын стандарттай болгох гэсэн ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийн сайхан хүслийг биелүүлсэнгүйгээр үл барам У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар, МАН-д хасах оноо авчирлаа.
Шулуухан хэлэхэд л аанай л нэг бүлэглэлийн эсрэг мэт атлаа өөр нэг тодорхой хувь хүн, бүлэглэлийг хаацайлсан, тэдэнд үйлчилсэн, улс төрчид хоорондын өглөг авлаг, өр шир тооцсон механизм Засгийн Газарт ч, МАН-д ч урьдын адил хэвээр байгааг ил тод нотлон харууллаа.
ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй Н.Багабанди нь хоёр удаагийн давтамжтайгаар долоо дахь жилдээ “Оюу Толгой”-ын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй билээ.
Тэрээр 1990 онд  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч байсан, уран илтгэх авьяастай, зоримог залуу У.Хүрэлсүхийг МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар авч, ажил амьдралын төдийгүй улс төрийн замыг нь эхлүүлж байжээ.
Э.Мягмар

URL: