УОК өндөржүүлсэн бэлэн байдлыг XII сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх санал гаргалаа

262928-26102020-1603702564-464364773-sodbaatar_uok1

Шадар сайд Я.Содбаатар ”Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн асуудлаар шийдвэр гаргалаа. Алтанбулаг боомтоор болон дамжин өнгөрч байгаа жолооч нараас халдвар илэрч байна. Өнөөдрийн байдлаар 28 жолооч коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон тул тусгайлан арга хэмжээ авахаар боллоо.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор жолооч нарыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Транзит ачааг хязгаарлах шийдвэр гаргасан. Цагаан нуур болон хэд хэдэн боомтод эрсдэл өндөр байгаа талаар мэргэжлийн хүмүүс үнэлгээ гаргасан тул дамжин өнгөрөх ачаа тээврийг арванхоёрдугаар сарын 1-н гэхэд өөр зохицуулалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгахтай холбоотой арваннэгдүгээр сард нийт 10 тусгай нислэг хийх хуваарь гарсан байна. Тодруулбал БНСУ руу 6, Европ чиглэлд 1, Токио руу 2, Казахстан руу 1 удаа тус тус нислэг үйлдэхээр болсон байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 98 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 19519 иргэнээ татан аваад байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарим төрлийн үйл ажиллагаа тэр дундаа олон нийтийн арга хэмжээ, урлаг соёлын арга хэмжээг нээх шийдвэрийг гаргасан.

Өөрөөр хэлбэл, одоогоор урлаг соёл, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой байгаа юм. Гэвч нөхцөл байдал амаргүй байгаа тул шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гарч болзошгүй гэдгийг УОК-ын дарга хэлсэн юм. Гэхдээ шийдвэрийг орон нутгийн онцгой комисс гаргах юм байна.


URL: