Э.Дөлгөөн: Бид “Хаппи Фловерс” компаниас 25 сая төгрөг нэхэмжлээгүй
“Positive Mongolians” төслөөрөө дамжуулан онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” ярилцлагаа хүргэдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Хаппи Фловерс” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өглөө.
Э.Дөлгөөн ”Бид “Хаппи Фловерс” компанийн нэр хүндэд халдах гэж мэдээлэл хийгээгүй. Мөн хүүхэд хардаг байгууллагуудын үйл ажиллагааг буруутгах гэсэнгүй. Зөвхөн энэ компанийг үйл ажиллагаагаа сайжруулаасай гэж хүсч байна. Хүмүүст хувь хүмүүсийн хоорондын асуудал харагдаж байгаа мэт боловч энэ бол олон хүний үр хүүхэдтэй холбоотой зүйл. Бидэнд 24 цагийн дотор 45 хүн энэ компанитай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлсэн.
Бидний байр банкны зээлэнд байдаг. Тиймээс хоёулаа зайлшгүй ажиллах шаардлагатай. Хүүхэд асрах хүн байхгүй учраас асрагч авъя гэж бодсон. Яг энэ үеэр “Хаппи фловерс” компанийн захирал Н.Ууганцэцэг хамтран ажиллах санал тавьсан. Яг бидэнд хэрэгцээтэй зүйл байсан учраас бид зөвшөөрсөн. Ингээд 2020 оны нэгдүгээр сард манайх хүүхэд асрагч авсан. Хамгийн анх ирсэн охин их сайн охин байсан. Тэгээд туршиж үзээд 2020 оны тавдугаар сард буюу дөрвөн сарын дараа хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл үүнээс хойш асуудал үүсч, асрагчид солигдож эхэлсэн. Мөн үйл ажиллагааны доголдлууд бага багаар гарч ирсэн.
Гэхдээ бид хүүхэд асрагчийн энэ ажил нь шинэ салбар учраас юу юуны духанд буруутгаагүй хүлээцтэй хандаж байсан. Гэтэл 2020 оны наймдугаар сард охин маань хүүхэд асрагчийн хайхрамжгүй байдлаас биеийнхээ гурван хэсэгт ил харагдах гэмтэл авсан. Өглөө нь зүв зүгээр байсан хүүхэд орой нь гэмтсэн учраас орой нь зургийг нь аваад тухайн байгууллагад өгсөн. Ингээд бидэнд асрагч явуулсан.
Гэсэн ч үйл ажиллагааны доголдол нь хэвээрээ. Мөн манайд хүүхэд харж байсан асрагчийн цалинг ч өгөөгүй байсан. Тиймээс үйлчлүүлэгч, контент бүтээгчдийн зүгээс тухайн компанийн үйл ажиллагааг нийтэд ил болгосон. Учир нь бидэнд итгээд энэ компанийг сонгосон олон хүн, хүүхэд хохирох вий гэж бодож, мөн олон хүн цалингаа авч чадахгүй хохиров вий гэж бодоод пост хийсэн юм.
Пост тавиад удаагүй байтал тухайн компанийн зүгээс бид рүү дайралт хийсэн. Дөлгөөн өөрөө хүүхдээ хараагүй, биднээс 25 сая төгрөг нэхэмжилсэн гэхчлэн. Үнэндээ бид мөнгө нэхээгүй” гэлээ.
URL: