Нийслэлийг хэн захирах вэ?

fde4f2_hangarid_x800

МАН-ыг ялахад гол үүрэг гүйцэтгэж дүүргээ манлайлсан залуусын нэг нь гарцаагүй Хотын дарга болно гэсэн бор шувууд нийслэл даяар нисэлдэж байна.  Орон нутгийн сонгууль шувтарсан даруйд хотын даргын марафон эхэлж, Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Батсүмбэрэл, Ж.Сүхбаатар нарын нэр яригдаж байв. Гэвч сүүлийн үед улс төрийн салхи эргэж, зарим өрсөлдөгчдийн “хотын мээр” болох горьдлого талаар болж, хаалганы гадна үлдэх бололтой.

Улс төрд Т.Бадамжунайгийн хүн гэгддэг Ж.Батбаясгалангийн хувьд сонгуулийн өмнө Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан боловч түүнийг жинхлэх эсэх санал МАН дотор олонхийн дэмжлэгийг авах магадлал тун бага аж. Тэрээр бас сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх бичлэг Т.Бадамжунайгийн багтдаг МАН дахь хотын фракцид нэрмээс болж буй нь дамжиггүй.
Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар тамга тэмдэг булаалдан байж, хэл амтайхан томилогдсон Н.Батсүмбэрэлтэй холбоотой хууль бус үйлдлийн талаарх мэдээлэл сонгуулийн үеэр гарсан нь  бас л түүний том алхмын тээг болсон нь лавтай. Н.Батсүмбэрэл нь өөрийн хаяг дээрээ олон хүн бүртгүүлэн царцаа нүүлгэж, булхай луйвар хийхийг санаархсан хэмээн уг нийтлэлд дурьдаж, жагсаалт хавсаргасан байдаг.
Ж.Сүхбаатарын хувьд “урвагч” хоч зүүж, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн гэгдэх болсон нь түүнийг хотын даргын өрөөний хаалганы гадна үлдээх шалтгаан болсон буй за.
Ийнхүү дээрх эрхмүүд хотын даргын марафоноос хасагдах бололтой. Харин оронд нь сонгуульд намдаа ялалт авчирсан залуус хүчтэй яригдаж байна. Тодруулбал, Ө.Сумъяабаатар, Ж.Сандагсүрэн, Б.Сүхбаатар, Ц.Төрхүү, Б.Мөнхбат нар орж ирснээр өрсөлдөөн нэлээд ширүүсэх нь тодорхой боллоо. Тэдний хэн нь нийслэлчүүдийн хувь заяаг шийдэх хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж чадах вэ?


URL: