Хүүхдээ хөнөөхийн тулд хагас жил шүүгээнд нуужээ

00d10330d9e3b904e1b9ff35c8fbfd5d

ОХУ-ын Свердловск мужийн Карпинск хотод оршин суудаг Юлия гэгч эмэгтэй хагас жилийн турш нялх хүүхдээ шүүгээнд нууж, үхэхийг нь хүлээдэг байжээ. Энэ бүх хугацаанд хүүхдэдээ зөвхөн ус өгдөг байсан гэнэ.

Gazeta.ru цахим хэвлэлд бичсэнээр, хэрцгий эмэгтэйн 13 настай хүү нялх дүүдээ ээжээсээ нуун идэх юм өгдөг байжээ. Эх нь хүү болон гурван настай охиноо нялх дүүгийнхээ талаар яривал шийтгэнэ гэж айлгадаг байсан тул хүүхдүүд энэ тухай хүнд хэлдэггүй байсан гэнэ. Хүү бусдад нялх дүүгийнхээ талаар ярьдаггүй байсан бол гурван настай охин гэрийнх нь шүүгээнд амьд юм шиг хүүхэлдэй байдаг тухай цэцэрлэгтээ ярьдаг байсан ч охины ярианд хэн ч ач холбогдол өгөөгүй байна.

Свердловск мужийн мөрдөн шалгах хороо Юлиягийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэрбээр өдгөө сэтгэцийн эмнэлэгт хяналтад байгаа аж. 37 настай тэрбээр юуны учир зургаан сартай нялх үрээ хөнөөхийг хүссэнээ тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.

Сульдаж, эцсэн хүүхдийг бүсгүйн найзууд илрүүлсэн байна. Найзынхаа гэрт ирсэн тэд шүүгээнээс нь хүүхдийн дуу гарахыг сонсож, цагдаа, эмнэлэгт мэдэгджээ. Одоогийн байдлаар, хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж. Эмч нар түүнд гуравдугаар үеийн уургийн дутагдал гэсэн онош тавьжээ.

Хэргийг мөрдөн шалгах явцад хууль хүчнийхэн Юлия жирэмсэн байхдаа хяналтад ороогүйгээр барахгүй гэртээ өөрөө төржээ. Тэрбээр ийм аймшигт хэрэг хийх шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байгаа ч хууль хүчнийхэн төрсний дараах хямрал, ганц бие эмэгтэй насанд хүрээгүй гурван хүүхэдтэй үлдэхээс цочирдсон байж болзошгүй гэж үзэж байна.

Хөршүүдийнх нь ярьснаар, бүсгүй хорт зуршилгүй, гэрийн сайн эзэгтэй гэнэ. Тэрбээр хоёр том хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэн өгч, ажилдаа явдаг байсан гэнэ. Тэрбээр эдийн засагч хийдэг бөгөөд эцэг, эх нь байнга тусалж, дэмждэг аж.


URL: