Цагаан ордонд арга хэмжээ болсноос хойш халдвар дэгдсэн байж магадгүй

712-16018667785f7a889d2741aНЬЮ-ЙОРК. /CNN/. Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт 9 дүгээр сарын 26-нд болсон арга хэмжээний дараа Бүгд Найрамдах намын гишүүд дунд коронавирусний халдвар тархаж эхэлсэн байж магадгүй юм хэмээн Д.Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгджээ.

“Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг зарласны дараа Бүгд Найрамдах намын гишүүд дунд коронавирусний халдварт өвчин дэгдсэн байх магадлал өндөр байна. Халдварт өвчин Капитолийн толгодоос үүдэлтэй байж магадгүй юм. Капитолийн толгодын аюулгүй байдлыг хангаж, хууль тогтоогчдыг хамгаалах нь бидний дараагийн чухал зорилт юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Өөрт нь болон гэргий Меланьяд нь коронавирусний халдвар илэрсэн тухай Д.Трамп баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр тэр өдөртөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд хүргэгдсэн. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинэнийн мэдэгдэхдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Д.Трамп ойрын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөж, тэндээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн юм.
Сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчийн туслах Хоуп Хикс, Д.Трампын зөвлөх асан Келлиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын 3 сенатч, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронн Макдэниел, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сэтгүүлч коронавирусээр халдварлажээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: