Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

unnamed

Манай үндэсний бөхөд “хадны мангаа” нүүрлэжээ гэж хэлж болно. Тэр нь допинг. Жилийн жилд наадмын дараа заалттай юм шиг 2-3 бөх допингийн шинжилгээнд унасан тухай шуугих боллоо. Бүр нэг тэгж л тогтоосон шиг. Сүүлдээ наадмын түрүү үзүүр, бөхчүүд допинг хэрэглэсэн болж таардаг болов. Ер нь тэгж л байдаг юм, тэрний шээснээс тийм бодис илэрч гэнэ, нэг биш хэд хэдэн хориотой зүйл байсан юм байх гэх яриа дасал болчихлоо.

Энэ хэрээр Монголын уламжлалт өв соёлыг өнгөрсөн үед тээж ирсэн Үндэсний бөхийн маань нэр төр гутаж байна. Алсдаа наадам ч наадам биш болох янзтай. Сүүлийн жилүүдэд допингийн тухай яриагүй, тохиолдолгүй жил нэг ч байсангүй. Хэд хэдээрээ сэргээштэн болж, авсан цолоо хусуулж барилдах эрхээ хасуулдаг овлигогүй дүр зураг үндэсний бөхөд хар бараан түүх болж байна. Допингийн шинжилгээнд унагсадад тэр бүр жигд хандаж зохих шийтгэл ногдуулж байж чадсан уу гэвэл үгүй. Зарим нь цолоо авч үлдэж байлаа. Огт арга хэмжээнд ороогүй нь ч бий. Ингээд бүр ноднингоос хойш зүгээр нэг хэрүүлийн алим мэт хандлага ч бий болсон шүү. Улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын шинжилгээнээс хэд хэдэн төрлийн бодис илэрлээ гэхийн сацуу бүр их шуугисан бол одоо энэ тухай маргааныг шүүх Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо гэж шийдвэрлэсэн байсан. Гэтэл түүний түрүүг хүчингүй болгосон эсэх тухай аварга цолыг хураасан уу үгүй юу ямар ч мэдээлэл алга. Гэтэл энэ  зуны наадмын дараа бас л гурван бөхөөс допинг илэрлээ гэв. Наадмын үзүүр бөх, аварга Н.Батсуурь олны хайртай бөх Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Бат-Орших нар “шалгалт”-д унав гэх. Н.Батсуурь аваргад чимэг нэмж Б.Бат-Орших улсын харцага цол хүртсэн. Тэднээс хамгийн түрүүнд шинжилгээнийхээ хариуг авсан аварга Н.Батсуурь тун даруухан байдал гаргаж ийм юм болсонд өргөн олон түмнээсээ уучлал гуйж бөхийв. Өнөөгийн улстөрчид шиг, улсын арслан Э.Оюунболд шиг өөрийгөө өмгөөлөх маягаар элдэвлэсэнгүй. Аварга хүний зангараг гаргаж чадлаа. Дараа нь улсын арслан Р.Пүрэвдагва бас шинжилгээний хариуг үзээд хэлэхдээ,
-Би олон жил шударгаар барилдаж ирсэн. Гэтэл бэртлээс ангид байж чадаагүй болохоор эм, тариа хэрэглэж л байсан. Тэрнээс биш би санаатайгаар тэр хориотой зүйлийг хэрэглээгүй. Надад тийм ухамсар, ёс зүй байхгүй гэж өчнө билээ. Б.Бат-Орших чимээгүй л байх юм. Тэгэхлээр допинг хэрэглэж гэж хэн нэгэнд буруу өгөх биш яагаад энэ допинг гэдэг юм үндэсний бөхөд минь шингэв, салшгүйгээр наалдчихав гэдгийг бодох хэрэгтэй болжээ.
Аварга, арслангуудын үг ярианаас үзэхэд өөрсдийн буруугаас биш бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд муу ажилладгаас болж байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Допингийн эсрэг үндэсний төв гэж бий гэдэг. Тэр байгууллага нь таг чиг ажиллагаагүй. Сүүлийн үед допингоос сэргийлэх ажил хийхээ больж. Аварга, арслан хоёрын ярианд ухуулга сурталчилгаа сүүлийн үед хийгээгүй л тухай үг сонсогдоно лээ.
Монголын Үндэсний бөхийн холбоо гэж хэрүүл, тэмцэлтэй 20-иод жил болж байгаа байгууллага байдаг. Тэд амжилт гэвэл наашаа, алдаа гэвэл цаашаа гэсэн юм ярьж суудаг. Жил бүр 2-3 хүн допингтой гэгдэж “жагсаалаас гараад” байвал үндэсний бөх маань юу болох юм бэ? Бөхчүүд тэр хорыг санаатай залгиад сууж байгаа гэвэл итгэмгүй юм. Бас Н.Батсуурь аваргын ярианд ч гарсан хэн нэгэн намайг хорлох гэсэн санаа байсан байх гэж. Э.Оюунболд ч тэгж хэлсэн удаатай. Чөлөөт бөхийн “олимпийн ганц найдвар” гэгдэж байсан тамирчин, дэлхийн аварга П.Орхон хүртэл “намайг хүн хорлосон” гэж байсан шүү дээ. Монголын бөхчүүд, тамирчдын хүрээлэл дотор олигтой яваа нэгнийгээ хорлодог бузар санаатнуд бий болсон гэж үү?
Хэрэв тийм бол тамирчдынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага, багш дасгалжуулагчдын л алдаа болж таарна байх. Тэднээс яагаад бөхчүүд, тамирчид ёс суртахууны  ийм доройтолд автав гэж асуух байна.
Нөгөө гэвэл нэгэнт л шинжилгээнд унасан хүмүүсийн асуудлыг сунжруулах нь буруу юм. Э.Оюунболдын маргаан нэгэнт шүүхээр эцэслэгдсэнээс эхлээд дүрэм журмын дагуу шийтгэлийг оноох нь зөв байх. Нэг харамсалтай юм санагдана. Тэр юу вэ? гэвэл аварга Н.Батсуурьгүй, арслан Р.Пүрэвдагвагүй барилдаан хойшид ямар байх вэ. Үзэгч түмэн энэ хоёрт хайртай нь үнэн.
Бичигч би л гэхэд нэг биш хүн “Дагвадоржийг барилдахаа байснаас хойш сүмо үзэхийг больсон” гэдэг шиг Н.Батсуурьгүй, Р.Пүрэвдагвагүй барилдааныг их үзээд баймгүй байна. Иймээс Монголын биеийн тамир, спортын байгууллагынхан худал, үнэн том ярьж хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр гэж ажлаа хэлбэрдэхээ зогсоож бөхчүүд тамирчдынхаа эрх ашигт үйлчлэх хэрэгтэй байна. Үндэсний гэсэн тодотголтой олон байгууллага үндсэн ажлаа хиймээр байна шүү дээ.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: