Ж.Баянмөнх: Амьдралын хэмнэлээ өөрчилмөөр санагдаад, фитнесээр хичээллэсэн

119574799_2731558437083415_2092696913143329812_n

Фитнес сонирхогчдын дунд “Оддын багш” хэмээн алдаршсан, фитнесийн онлайн сургалтын багш,Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, ОУХМ, Монголын Тай Чи холбоог үүсгэн байгуулагч Жаргалсайханы Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр 2017, 2018, 2019 оны фитнесийн дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальтай. Дэлхийд танигдсан манай улсын шилдэг тамирчин, дасгалжуулагч юм.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Фитнесээр хичээллээд удаж байна уу?

-Миний үндсэн мэргэжил мэдээлэл зүй, математикийн багш. Нийтийн удирдлагын доктор зэрэгтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Фитнесээр хичээллээд долоон жил болж байгаа. Зөв хичээллэсэн үе гэвэл сүүлийн 3-4 жил гэж боддог. Эхний 2-3 жил юу ч мэдэхгүй, бэлтгэл дээр ирээд, ямар ч хамаагүй дасгал хийдэг байлаа.

-Багадаа ямар спортоор хичээллэж байв. Дунд сургуулиа хаана төгссөн бэ?

-Эрдэнэт хотод арван жилээ төгссөн. Сургуульд байхдаа чөлөөт бөх, таэквондогийн спортоор хичээллэдэг байлаа. Тийм болохоор үндсэн бие бялдрын хөгжил, сунгалт боломжийн хэмжээнд хүрчихсэн байхдаа фитнесээр хичээллэсэн. Дунд сургуулиа төгсөөд чөлөөт бөх, таэквондогийн спортыг орхисон.

-Оюутан болоод фитнесээр хичээллэсэн юм уу?

-Дээд сургуулиа төгсөөд 2-3 жилийн дараа фитнесээр хичээллэж эхэлсэн. Тэр үед шөнийн цэнгээний газруудад дижи хийдэг байлаа. Ажил мэргэжлийн онцлогоос болоод, их шоуддаг болчихсон. Би их туранхай 60 кг жинтэй байв. Гэнэт л нэг өдөр амьдралын хэмнэлээ өөрчилмөөр санагдаад, фитнесээр хичээллэсэн. Сэтгэлийн хөөрлөөр хурдан хугацаанд бие галбираа өөрчилнө гэж орчихоод долоо ч хонолгүй больчихсон. Ингээд 7-8 удаа янз бүрийн фитнес клубт бүртгүүлж, бэлтгэл хийж үзэв. Анх хичээллэхдээ хамгийн хямд фитнес клубийг сонгосон. Түүний дараа хамгийн тохилог, гоё фитнесийг сонгож үзэв. Гэвч сэтгэлдээ нийцэх газар олж чадахгүй л яваад байлаа. Зар хараад, хүмүүсийн ярьдаг хамгийн сайн гэсэн клубийг сонгоод амжилт олохгүй байв. Одоо бодоход тухайн үед миний бие, сэтгэл фитнес хийхэд бүрэн бүрэлдэж тогтоогүй байжээ. Ингэж олон удаа фитнесээр хичээллэх гэж оролдож байтал манай гэрийн хажууд “Голден жим” клуб нээгдсэн. Тэнд байрныхаа ах нартаа цуг тууштай хичээллэх болсон нь надад давуу тал болсон.

-Фитнесийн анхны амжилт гаргасан тэмцээн хэзээ байв?

-Би “Голден жим”-д ороод богино хугацаанд бие бялдраа хөгжүүлж чадсан болохоор манай клубийнхэн тэмцээнд орохыг ятгасан. Тухайн үед жаахан ичээд, орж чадаагүй. Түүний дараа 2016 оны хавар бэлтгэлээс жаахан хөндийрч байгаад зун амралтаараа хөдөөгүүр аялаад намар иртэл гэдэс суугаад нэг л эвгүй болчихсон.Манай клубийнхэн “Чи өөртөө том зорилго тавиад бэлтгэлээ хийж чадвал наад гэдэс, харвин чинь амархан алга болно” гэхээр нь тэмцээнд орох зорилго тавиад бэлтгэлээ шаргуу, тасралтгүй хийж эхэлсэн. Эхний сар бэлтгэл хийгээд үр дүн харагддаггүй. Гэтэл хоёр дахь сараас эрс өөрчлөлт гарч эхэлсэн. Яг тэр үед “Голден жим” клуб хичээллэгсдийн дунд “Miss&Mister” тэмцээнийг хийсэн. Тэр тэмцээнд ороод түрүүлсэн нь надад их урам дэм болсон. Сарын дараа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүллээ.

Тэгээд урамшаад улсын аварга шалгаруулах тэмцээнд орсон, мөн л түрүүлчихсэн. Ингээд л Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон. 2017 онд Өмнөд Солонгост зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоод хүрэл медаль хүртлээ. Тэгсэн их азтай тохиолдлоор Монгол Улсад фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов. Тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний фитнес ангиллаас мөнгөн медаль хүртсэн. Фитнес ангиллын онцлог давуу тал юу вэ гэхээр тухайн тамирчнаас үндсэн таван зүйлийг шаарддаг. Эхний хэсэгт хурд хүч, тэсрэлт, тэнцвэр, сунгалт, уян хатан байдлыг, мөн акробатикын дасгал хийхийг шаардана.

Үүнээс гадна зохиомж бүхий дасгалын гүйцэтгэл хийдэг төрөл. Энэ таван элементийг гаргаж, харуулсан үзүүлбэр хийнэ. Харин хоёрдугаар шатанд биеийн бүх хэсгийг дөрвөн талаас нь өв тэгш хөгжүүлсэн хэсгийг хардаг. Тийм болохоор тамирчнаас маш олон чадвар, онцлогийг шаарддаг хүнд төрөл байгаа юм.

-2018 оны дэлхийн аваргаас ямар медаль хүртэв?

-2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсад болсон. Энэ дэлхийн аваргаас мөнгө,хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аваргын тэмцээнд хоёр ангилалд оролцлоо. Анх удаа модель ангилалд оролцож үзсэн. Манайхан үүнийг шорттой ангилал гэж ярьдаг. Фитнес ангиллаас хүрэл медаль авлаа. Харин медаль хүртэнэ гэж огт төсөөлөөгүй, өөрийгөө сорьж үзэх зорилгоор оролцсон модель ангиллаас мөнгөн медаль хүртсэн. Одоо фитнесээр хичээллэж байгаа монголын залуусын бараг 90 хувь нь модель ангиллаар хичээллэдэг болсон.

-2019 оны дэлхийн аваргын тэмцээн аль улсад зохиогдов. Хэр өндөр амжилт үзүүлсэн бэ?

-2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Чежү аралд болсон. Тэр тэмцээнд фитнес ангилалд өрсөлдөж хүрэл медаль хүртэж, модель ангилалд дөрөвдүгээр байрт шалгарсан.

-Хэдий үеэс дасгалжуулагч хийж эхлэв?

-Бэлтгэл, сургуулилалтынхаа хажуугаар дасгалжуулагч хийж эхлээд гурван жил болж байна. Би фитнесээр долоон жил хичээллэсэн боловч энэ спортын талаарх мэдлэг мэдэгдэхүүнгүй байдлаасаа болж үр дүн багатай, цаг алдсан зүйл их бий. Ер нь фитнесээр эхлэн хичээллэгсэд дасгал хийж, хамгийн үнэтэй уургийг ууж л байвал болно гэж бодох нь бий. Мөн хоолны дэглэмийг буруу барьснаас болж ядарч сульдах сөрөг зүйл гардаг. Энэ бүхнийг би биеэрээ туулсан болохоор бусад хүмүүсийг миний алдааг давтахгүй байгаасай гэж бодсоны үүднээс бусдад сошиалаар зөвлөгөө өгч эхэлсэн. Хүн өвдсөн үедээ болон алдаа гаргасан үедээ түүнийгээ засаж, өөрчлөхийн тулд судалж эхэлдэг юм билээ. Бусад хүмүүс миний алдааг давтахгүйгээр хичээллэх боломжийг бий болгох гэж, өөрийн биеэр туулсан алдаанаасаа суралцсан мэдлэгээ хуваалцдаг болсон.

Намайг анх хичээллэж байх үед фитнест одоогийнх шиг мэдлэг, мэдээлэлтэй багш байгаагүй. Сошиал мэдээлэл ч хөгжөөгүй байсан үе. Мэдэхгүй зүйлээ асуухаар хариулт өгч, зөвлөгөө өгөх хүн олдохгүй. Зарим тамирчид өөрсдийн мэддэг зүйлээ ч нуудаг байв. Сургалт, зөвлөгөөг заавал төлбөр төлж авах болдог байв. Энгийн ойр зуурын мэдээлэл, нүүрс усыг хэрхэн тааруулах талаар асуухад хариулахгүй байх жишээтэй. Гэхдээ тамирчин болгон өөр өөр зөвлөгөө өгөх нь бий. Би өөрийн алдаж, оносон бүхэн дээр дүгнэлт хийж, бусдад дутагдаж байгаа зүйлээр зөвлөгөө өгөх ёстой юм байна гэж бодсон.

Тэгээд Facebook дээр Bayanmunkh, instagram@Bayanmunkh гэсэн өөрийн цахим хуудсаар, өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлийг хэрхэн давж туулсан талаараа мэдээлэл хуваалцаж, өөрийн мэддэг зүйлийн талаар бичдэг болсон. Одоогийнх шиг ийм түвшинд цахим хуудсаа хөгжинө гэж огт бодоогүй. Тэгсэн миний тэр зөвлөгөөнүүд хүмүүсийн мэдэхийг хүсэж байсан асуудлууд байж таарав. Гэтэл бас сөрөг зүйл ч гарч эхэлсэн.Миний амьдралаараа туулж, хөдөлмөрлөн, мэдэж ойлгон боловсруулсан зүйлийг бусад хүмүүс хуулбарлан ярих болсон. Энэ бүхний дараа би эргэн тойрны найз, нөхөд, ах, дүү нараа өөрийн боловсруулсан арга техникээр дасгалжуулсан. Тэр үеэс миний дасгалжуулагчаар ажиллах эхлэл тавигдсан. Зөвхөн турах, булчинтай болох гэж зөвлөгөө авах биш, зөв хооллолт, эмчилгээний дасгал хөдөлгөөний талаар ч сонирхох болов.

Тэдэнд туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан. Одоо ч судалсан хэвээр байгаа. Хүний биеийн анатоми, физиологийг таньж мэдэхийн тулд Анагаах ухааны сургуульд сурах зорилго тавьсан. Би эмнэлгийн ажилтан, эмч нарт зөв хооллолт, дасгал, хөдөлгөөний талаар лекц уншдаг. Эрүүл мэнд, биологийн талаар өөрөөсөө илүү мэдлэгтэй хүмүүстэй ижил түвшинд очих зайлшгүй шаардлага урган гарч байгаа. Ер нь энгийн иргэдэд зөвлөгөө өгөхөд хүртэл эмч ингэж зөвлөсөн, одоо яах вэ гэж асуух хүмүүстэй ч таарч байлаа. Хэрэв намайг анагаахад сурч, эмчийн мэргэжил эзэмшчихвэл хүмүүст эргэлзээ төрөхгүй болох байх.

Бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар сардаа 2-3 хүнд заавар, зөвлөгөө өгдөг. Ихэвчлэн онлайнаар зөвлөдөг. Энэ нь надтай уулзах боломжгүй хүмүүст хүрэх боломжтой байдаг.

-Хэзээнээс телевизийн шоу нэвтрүүлэг хийж эхлэв?

-2018 онд Т5 телевизийн санаачилгаар таргалалтын эсрэг шоу нэвтрүүлэгт оролцсон. Манай эмэгтэйчүүд 30 гараад хэвлийн таргалалтад өртөх нь бий. Эрчүүд болохоор хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос болоод таргалдаг. Энэ бүхнээс гарах алхам болгож 2013 онд Монголын ТайЧигийн холбоог байгуулж ажилласан. Хятадуудын урт наслалтын нууц нь амьсгалын дасгал Тай Чи болон эрүүл, зөв хооллолтод байдаг. Энэ холбооны чиг шугамаар Т5 телевизтэй хамтарч “Биеийн өөрчлөлт” шоу нэвтрүүлгийг хийсэн.

Тус нэвтрүүлэгт өөр өөр ажил мэргэжилтэй хүмүүсийг хамруулан хоёр сарын хугацаанд хэрхэн өөрчлөлт гарахыг нь харуулсан. Энэ нэвтрүүлгийн хоёр дахь цуврал нь 2019 онд явагдсан. Нэвтрүүлгийн цуврал дууссаны дараа хүмүүс надад санал, хүсэлт тавьсан. “Багшаа бид одоо яах вэ. Та үргэлжлүүлээд бидэнтэй ажиллах боломжтой юу” гэсэн. Тэдгээр хүмүүст зориулж өөрийн блогоор дамжуулан 20-30 минут үргэлжлэх 12 цуврал хичээлийг оруулсан. Хүн өдрийн хоол хүнсээ хэрхэн зөв цуглуулах. Хүнс сонгохдоо юу анхаарах вэ. Сонгосон хүнсээрээ ямар хоол бэлдэх. Түүнийгээ хэрхэн зөв хэрэглэх вэ гэдгээс эхлэн заасан нь бий. Хүн бүхэн өөр өөр зорилго тавин дасгал, хөдөлгөөнийг хийдэг. Зарим хүн таргалах, нөгөө хэсэг нь турах зорилго тавих нь байдаг.

Өөр хүсэл сонирхолтой, биеийн бүтэц, онцлог нь ондоо, өөр өөр мэргэжилтэй, зорилго, чиглэл, эрмэлзэл нь хүртэл өөр байх нь бий. Тэр бүх хүнд тааруулсан зөвлөгөө өгөх шаардлага урган гардаг. Хүн бүхний онцлогт тааруулсан дасгал хөдөлгөөн хийхэд юун дээр анхаарах вэ. Хэрхэн амьсгалаа зөв авах ёстой гэдгээс эхлүүлэн заах болдог. Нийтийн эрүүл мэнд, нийтийн гоо зүйд суурилсан сургалт явуулахыг хичээж байгаа.

-Та Тай Чи, цигүн хийдэг юм уу?

-Би багадаа тулааны урлагаар хичээллэж байсан болохоор миний сунгалт боломжийн түвшинд байдаг. Зөв амьсгалж сурахын тулд ТайЧиг судалж байгаа. Хятадуудын урт наслалтын нууц нь ТайЧи буюу зөв амьсгалын дасгалд байна. Харин хятадын төр засгаас ТайЧи амьсгалын дасгалыг хориглож байгаа юм билээ. Хүн амын дунд чанаргүй өсөлт, урт наслалт бий болчихлоо. Үүнийг зогсоохгүй бол урт настай, хөгшин хүмүүс олширч байна гэж үзэж байгаа гэсэн. Сагс, волейбол, фитнес гэлтгүй, бүх спортын төрлийн дасгал, хөдөлгөөнийг хийхэд зөв амьсгалын дасгал хамгийн чухал. Амьсгалаа зөв авах, зөв гаргаж сурах нь их чухал нөлөөтэй. Тиймээс би үүнийг судалж эхэлсэн. ТайЧи холбооныхоо шугамаар хятадаас мэргэжлийн багш нарыг урьж авчрах эхлэл тавигдсан. Одоохондоо ТайЧигийн холбоо хөгжих эхлэлийн шатандаа явж байна. Би ер нь явцуу хүрээнд ганц, хоёр хүнд биш, аль болох олон хүнд онлайнаар хүрч ажиллах зорилт тавьдаг.

-Таны онлайн сургалт төлбөртэй юу?

-Сарын сургалт гэхээр хүмүүс урт хугацаа байна гээд шантрах нь бий. Тийм болохоор тэдний сэтгэл зүйд тохируулан 10 хоногийн 33 мянган төгрөгийн сургалт явуулдаг. Энэ богино хугацаанд зөв хичээллэх, зөв хооллох, зөв амьсгалах гээд бүх зүйлийг заадаг. Ер нь дасгал хөдөлгөөн хийлгэхээс гадна хүний тархи оюун, сэтгэл зүйд нь зөв ухамсар дадлыг суулгах нь чухал.
 

-Та танхимаар ганцаарчилсан, хувийн дасгалжуулалт хийдэг биз дээ?

-Би зар тавьж, хүмүүсийг бүртгэж авдаггүй. Хүсэлт тавьсан хүмүүстэй л ажилладаг. Нэг хүнтэй ажиллаад тэр хүний биед өөрчлөлт гарахаар, ойр тойрныхоо найз нөхдийг дагуулаад ирдэг. Сургалт чанартай явагдаж, хичээллэж байгаа хүмүүсийн биед өөрчлөлт, дэвшил гарвал бол оо. Онлайн сургалтад хамрагдаж зөв, эрүүл хооллолтыг амьдралдаа хэвшүүлсэн хүмүүс илүү зүйлд ашиггүй хооллолтод мөнгө зарахгүй болдог. Зөв хооллолтоос хүний амьдралын хэмнэл, эрч хүч, сэтгэл зүй, эрүүл мэнд, бие галбирт хүртэл өөрчлөлт гардаг. Үүнийг дагаад уур бухимдал, стресс, ядаргаа алга болдог.

-Таныг “Оддын багш” гэдэг. Олны танил хүмүүс таны шавь болохоор их ханддаг уу?

-Олны танил хүмүүс бий. Энгийн, жирийн шавь нар ч байгаа. Гэхдээ би тэднийг ялгаж, салган ялгавартай хандахыг хүсдэггүй. Багш, шавийн энгийн харилцаагаар хандана. Бэлтгэлийн зааланд зорилго тавьж ирсэн бол бүгд нэг л ижил байх ёстой. Олны танил хүн гэхээр тал засан, шаардлага тавихгүй, аашилж, загнахгүй байна гэж байхгүй. Бүх шавь нараа нэг ижил түвшинд тавьж харьцдаг. Ганцаараа мэт аашилдаг. Хэт бардам зантай.Бусдыг үл хүндэтгэдэг, худал мэдэмхийрдэг хүмүүст би зааварчилгаа өгдөггүй. Тэр эрх мэдэлтэй хаан байсан ч хамаагүй, тийм хүнд заахгүй. Олны танил хүмүүс сошиалд идэвхтэй байж миний сургалтыг авдаг болохоор “Оддын багш” гэх болсон байх. Олны танил хүмүүс папарац ихтэй юм билээ.

-Фитнесийн клуб олширч, хичээллэгчдийн тоо нэмэгдэхийн хажуугаар уураг, амин дэмийн борлуулалтын бизнес хөгжөөд байх шиг байна. Уураг хэрэглэж булчингийн массыг нэмэх нь хэр зөв алхам бэ?

-Уураг, амин дэмийг тойрсон олон янзын ам дамжсан яриа бий. Уураг бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн шүү дээ. Гэхдээ уураг дотроо 2-3 янз. Whey, casein, mass уураг гэж байна. Хамгийн зөв сонголт нь whey уураг. Энэ уураг өндөгний цагаантай ижил түвшний цэвэр шар сүүний уураг. Хүмүүс уургийн хэмжээг хэтрүүлж хэрэглэх нь их. Булчингийн массаа томруулах гэж хоёр халбага уух ёстой уургийг 3-4 халбага болгон хэтрүүлэх нь бий. Хүний бие нэг дор 20-25 грамм уургийг шингээж авах ёстой байтал, 100 грамм уураг уухаар яах вэ.

Бие организм авах ёстой 25 граммыг л шингээж аваад, үлдсэн хэсэг нь биед, элэг, бөөрөнд ачаалал өгч эхэлдэг. Мөн илүүдэл нь өтгөн болон хувирч, биед хий хуримтлагдаж эхэлнэ. Өндөг иддэг, хоол тэжээлээсээ хангалттай уураг авдаг хүмүүс нэмэлтээр уураг, амин дэм хэрэглэх ямар ч шаардлагагүй. Завгүй ажлаас болж хангалттай хоол, ундаа идэж, ууж чаддаггүй хүмүүс уургийг нэмэлтээр хэрэглэж болно. Гэхдээ тун хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Уургийг хориглосон заалт бий. 18 нас хүрээгүй хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, бөөрний архаг дутагдалтай хүнд хориглодог.

-Фитнесийнхэн хоолны дэглэм барьдаг. Энэ хэр зөв арга вэ?

-Хүний биеийн төрөлхийн гурван бүтэц байдаг. Төрөлхийн туранхай, булчинлаг, тарган хүн гэж бий. Туранхай хүн нүүрс усыг арай түлхүү авдаг бол булчинлаг хэвийн хүн өөх тос, нүүрс ус, уургийг хэвийн хэмжээнд авч чаддаг. Харин төрөлхийн тарган хүн уургийг их авдаг хэрнээ, өөх тосыг дунджаар, нүүрс усыг бага авдаг. Энэ мэтээр хүний биеийн бүтэц, онцлогоос болж өөр өөр. Фитнеэсээр хичээллэж байгаа хүн эхлээд өөрийн биеийн бүтцийг тодорхойлно. Хоёрдугаарт хоол, тэжээлийн үндсэн ойлголтоо сайжруулах хэрэгтэй.

-Булчингийн массаа хурдан томруулах гэж хэт хүндээр ачаалал авдаг. Үүнээсээ болж бэртэл, гэмтэл авах нь байдаг. Үүнийг хэрхэн зөв тохируулах ёстой вэ?

-Фитнесээр хичээллэж байгаа хүмүүсийн гол зорилго эрүүл, саруул байх. Мөн бие бялдрын хөгжлөө сайжруулах. Гэтэл дасгал, хөдөлгөөний техникийг буруу хийх, хүнд жингээр ачааллыг хэтрүүлэх нь хор хөнөөлтэй. Хүнд жинг хэтрүүлэх нь нуруу, нугас дагасан мэдрэлийн судлыг гэмтээх аюултай. Эхлэн хичээллэгсэд бусдыг дуурайж, мэргэжлийн тамирчдын хэмжээнд ачааллыг авах гээд зүтгэдэг нь буруу. Багшийнхаа зөвлөгөө, зааврыг дагах нь аюулгүй бөгөөд үр дүнтэй. Анхнаасаа зөв эхлээд явчихвал үр дүн гарна. Яарах хэрэггүй.


URL: