Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

77

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаад улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 2-3 хоногийн өмнө 11800 орчим байсан бол өнөөдөр 10803 болж буураад байна. Эдний тал нь буюу 5000 гаруй хүн БНСУ-д байгаа тул энэ сард Сөүл рүү дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1000 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр тооцсон. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн дунд санхүүгийн хүндрэлд орсон, тийзээ худалдаж авч чадахгүй хүмүүс бий. Энэ хүмүүсийн мэдээллийг Элчин сайдын яамнаас авч байгаа.

Тодорхой шаардлага шалгуур хангасан, үнэхээр санхүүгийн боломжгүйгээ нотолсон иргэдэд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ. Бид Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-тай өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хамтарч ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд манай улсын 80 орчим иргэний буцах зардалд нь засгийн газраас нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Энэ ажил ойрын хугацаанд хэрэгжих байх” гэв. Түүнчлэн гадаадаас ирж буй иргэдийн 49.2 хувийг бусад шалтгаантай гэх ангиллаар ирсэн хүмүүс эзэлж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр хэллээ.


URL:

Tags: