Гэмт хэрэгтэн хэзээ ч завсгаа ил гаргаж явдаггүй

13720

Алуурчин маньяк этгээд хэзээ ч цустай хутгаа ил бариад явдаггүй
Гаж донтон хүчиндэгч этгээд хэзээ ч эрхтнээ ил гаргаад явдаггүй…

Өчигдөр оройноос эхлэн цагдаа нарыг хараах процесс ОНС-нд өрнөлөө. Харааж зүхэж буй шалтгаан нь өөрөө их маапаантай. Энэ талаар бодлоо сийрүүлье!

Хэн ч юм нэг хүн хотоор явж байтал цагдаа нар эрхийнхээ дагуу түүнийг зогсоож “Үзлэг хийе” гэжээ.
Хуулинд зааснаар бол тэр хүн ямар ч тайлбаргүйгээр бичиг баримтаа шалгуулах ёстой. Гэвч тухайн этгээд үүнд маш их цочирдож гар утсаа гарган бичлэг хийж олон нийтэд зарлахаа урьтал болгожээ.

Процессийг харвал Иргэний үүргээ огт мэддэггүй, гадарладаггүй тэр хүн хууль зөрчсөн байна.

Ийм тохиолдолд цагдаа нар хүч хэрэглэх эрхтэй ч тэдгээр цагдаа нар хүч хэрэглэхийг урьтал болгосонгүй ам хэлээрээ учраа олох гэж оролдов. Үүнийхээ дагуу хуулийн хүрээнд түүнийг саатуулах эрхтэй гэдгээ ч түүнд мэдэгдэв. Энэ нь харин дэмий юм болжээ. Тэд харь хэлээр ярьсангүй, өсөхөөс сурсан төрөлх хэлээрээ л мөнөөхөн хууль зөрчигчид хэлэх ёстой юмаа хэлсэн – шаардсан.

Үүнийхээ төлөө цагдаа нар буруутаж сошиал даяар адгийн муухайгаараа дуудуулж зүхүүлэх тавиланг үүрэв.
Цагдаагийн албан хаагч гэдэг уран зохиолын багш биш тул үгийн баялаг муутайгаас гадна мэргэжлийн онцлог нь тэднийг бага зэрэг ширүүн дориун болгодгийг хүн бүхэн мэднэ. Уучлал гуйж, инээж нялганаж харьцаагүйнхээ төлөө ийнхүү цагдаа нар буруутав.

Уг нь бол хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тэр этгээд буруутах ёстой атал тэгсэнгүй.
Тэр хүний духан дээр “Энэ бол гэмт хэрэгтэн биш” гэсэн бичээс байхгүй. Тийм хүн замбуулинд байхгүй.

Алуурчин маньяк этгээд хэзээ ч цустай хутгаа ил бариад явдаггүй
Гаж донтон хүчиндэгч этгээд хэзээ ч эрхтнээ ил гаргаад явдаггүй…

Чухам ийм учраас л цагдаагийн мэргэжлүүд дотор мөрдөн байцаагч гэсэн онцгой мэргэжил байх ба мөрдөн байцаагч нь гэмт хэрэгтний ерөнхий шинж чанарыг тодорхойлоод баривчлах шийдвэрийг прокуророор гаргуулдаг байх. Баривчлахыг нь харин эргүүлийн цагдаа болон тусгай албаныхан хариуцдаг.

Өчигдрийн хувьд бол өндөржүүлсэн байдал зарласан байсан. Тэд үүргээ л биелүүлсэн. Харин иргэн хүн өөрөө үүргээ биелүүлсэнгүй эсэргүүцэл үзүүллээ. Хуулийнхаа дагуу тэр иргэнийг тэдний хэлдгээр ёстой “Яаж л бол яаж аваад явах” боломж байсан ч цагдаа нар тэгсэнгүй.
Үүнийх нь төлөө бид баярлах ёстой атал газар доогуур ортол муу муухай үгээр балбацгаалаа.

Та бүхний дунд ямар нэг гэмт хэргийн хохирогч нар мянга мянгаараа бий. Тэд Цагдаа нарыг өдөр шөнөгүй шаардаж шахаж “Тэр муу хулгайч, дээрэмчин, алуурчнаа барьж өгөөчээ” хэмээн загнаж суугаа.
Тэр л ёсоороо цагдаа нар сэжигтэй харагдсан хүнийг бүү хэл, сэжиггүй гэмгүй царайтай хэнийг ч болов шалгаж баймаажин гэмт хэрэгтнийг илрүүлж баривчилдаг.
Үүгээрээ тухайн гэмт этгээдийг ахин гэмт хэрэг хийхийг нь таслан зогсоож, хуулийн дагуу зохих газар нь баривчлан аваачдаг.
Үүний тулд л Хүчний байгууллага оршин тогтнож, түүний тулд л Цагдаад онцгой эрх олгодог.

Та бид цагдаагүй бол яах вэ? Үүнийгээ нэг бодоод үзээрэй.

Яг үүнийг бичиж суугаа миний хувьд ч цагдаад төдийлөн дуртай биш. Дор хаяж л гүтгэсэн гэх хэргээр өч төчнөөн удаа цагдаад дуудагдаж очдог.
Түүнээс гадна замын цагдаад торгуулах асуудал бол байнга л гардаг.
Хамгийн сүүлд гэхэд л бивээр цагдаагийн өөрийнх нь дохиогоор уулзвар гатлах гээд гарцан дээгүүр гарч байтал зогсоосон. Гарцан дээр зогсдоггүй тул гарц өнгөрч уулзвар луу ялимгүй ороод зогстол өнөө цагдаа хүрч ирээд “Дохиод байхад зогссонгүй” хэмээснээр ЗХД-ийн бяцхан мэтгэлцээн маягийн юм болж намайг уулзвар луу орсноор биш, бүс зүүгээгүй гэдгээр шалтаглан торгосон юм.

Энэ мэт хуулийн дагуу мэтгэлцэх асуудал бол байнаа байна. Бүс зүүгээгүй нь мэдээж миний л буруу. Гэхдээ тухай бүрт нь камераа гаргаж ирээд орилоод байж болохгүй. Тэр хүн ажлаа л хийж байна. Түүнд бусдыг саатуулах, шалгах торгох, тэр бүү хэл журамлах эрх нь ч бий. Тийм ч учраас сэтгүүлч би вээр торгууль бичиж буй цагдаатай хэзээ ч хэрэлдэж маргалдаж үзээгүй.
Мэтгэлцэж бол үзсээн. Ямар дүрэм зөрчсөнөө асуугаад л эргэлзээтэй бол тайлбар хийнэ, үгүй бол олон үггүй торгуулийн тасалбараа аваад л хөдөлдөг.

Ойлгомжтой болгохын үүднээс ингэж нуршуу бичлээ.
Тэгэхээр одоо цөмөөрөө Цагдаагийн шаардлагыг хуулийнхаа дагуу хүлээж аваад шалгуулдаг болцгооё.
Та хэн нэгэнтэй адилхан харагдаж байлаа гэхэд тэр чинь цагдаагийн буруу биш шүү дээ.
Таныг шалгаснаараа тэд, бусдын аюулгүй байдлыг хамгаалах үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.

Цагдаад асуудал бий. Даргынхаа хууль бус, буруу тушаал шийдвэрийг биелүүлж Ард иргэддээ хатуу ханддаг гэх зэрэг асуудал өнөөдөр ч арилаагүй байгаа. Цаг өнгөрөх тусам энэ байдал өөрчлөгдөнө.

Угаасаа аль ч улс оронд цагдаа сайн нэртэй байгаагүй. Нөгөө хар арьстныг өвдөглөж алдаг Америк цагдааг санаарай.
Монгол цагдаа харин тийм биш.
Сүүлийн үед бүр эрс соёлтой ч болсон гэх мэтээр эрэгцүүлэн бодохыг танд зөвлөж байна.

Хэн нэгнийг шалгаснаар та бидний тайван амьдралын баталгааг бий болгож буй Цагдаагийнхаа Зөв шаардлагыг биелүүлж амьдарцгаая!

Алуурчин маньяк этгээд хэзээ ч цустай хутгаа ил бариад явдаггүй
Гаж донтон хүчиндэгч этгээд хэзээ ч эрхтнээ ил гаргаад явдаггүй…

Цагдаа шалгах эрхтэй – Иргэн шалгуулах үүрэгтэй!

#ХатууМэдээ


URL: