Х.Цагаанбаатар: Н.Батсуурь бол сэтгэлийн болон сэтгэлгээний допингтой бөх
Улсын аварга Н.Батсууриас допинг илэрсэнг тэрбээр хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан. Түүний энэхүү үйлдлийг иргэд жудагтай зан гаргалаа, Даян аварга болох гэсэн нүүдэл байлаа гэхчлэн өөр өөрсдийнхөө өнцгөөр тайлбарлаж байна. Харин түүний энэхүү үйлдлийг Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн өнцгөөрөө тайлбарлажээ.
Тэрбээр “Жүдо бол #Хүмүүжил_Ёс_суртахуун_Хүндлэлийн нийлмэл цогц боловсрол юм. Өөрийн биед яаж орсныг мэдээгүй, гэхдээ олон улсын итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээг хүлээн зөвшөөрч байна гэнэ.
Үнэхээр сэтгэл зүй мундаг Аварга юм даа. Олны өмнө гарч ирээд, Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадам зохион байгуулах хорооны ажлыг хүндэтгээд ард түмнээсээ уучлалт гуйна гэдэг ухамсартай бөх хүний мөн чанар юм. Гэхдээ Триметазидан гэдэг эм тамирчин хүнд амжилт гаргахад ямар нөлөө үзүүлдэг юм болоо?
Аптектид 400 төгрөгөөр зарагддаг эм юм бол урд нь яагаад, Монголд допинг илэрсэн хүмүүсээс энэ эмний бодис илрээгүй юм бол? Аварга дүүд ийм хямдхан эм хэрэглэх шаардлага байтугай шалтгаан ч байхгүй.
Тэр угаасаа сэтгэлийн болон сэтгэлгээний допингтой бөх л дөө. Хэний ч ялна дийлнэ гэсэн итгэл үнэмшил нь түүний бяр хүч болж, зүрх тархи хоёрт нь зэрэг сигнал өгдөг учир төрийн наадамд 7 шөвгөрсөн үнэн хүчит Аварга. Өөрөө ард түмнээсээ уучлалт гуйгаад хариуцлагаа хүлээн гэнэ.
Бөхөд хайртай Монгол түмэн 100 жилээр бүх Аварга арслангуудаа барилдахыг нь харахыг хүсэж байгаа. Тамирчин хүний хувьд Олимпийн их наадам маш чухал үүнтэй адил Монгол эр хүн болж төрснийх, төрт ёсныхоо түүх ой 100 жилээр зодоглоно гэдэг агуу их хувь тохиол юм шүү дээ.
Бид 200 жилийг үзэхгүйд л учир байгаа юм.
Урьд өмнө нь зарим бөхчүүд маань милдронат гээд эмийг хэрэглээд 6 сараар эрхээ хасуулсан санагдаж байна. Дэлхийн жишигт бол илэрсэн эм тарианы үйлчлээс хамаарч шийтгэлийн хугацаа янз бүр байдаг. Манайд чухам яаж үйлчлэхийг бид таашгүй.
#Миний_бодлоор
#Тод_сайхан гэдэг чимгийг нь хураагаад 6 сараар эрхийг нь хасчихвал, 100 жилээр бүхий л сайхан Аварга Арслангуудаа бүгдийг нь харж сэтгэлийн цэнгэл эдлэх юм даа. Хүний ажил заагаагүй шүү уучлаарай. Өөрөө шийтгэлээ хүлээнээ гээд уучлалт гуйж байгаа болохоор шийдвэр гаргах хүмүүс маань нэгийг бодож хоёрыг тунгаана гэж найдаж байна.
Аварга хүн гэдэг ийм л жудагтай ёс зүйтэй үлгэр жишээ байх хэрэгтэй. Бусад залууст ч үлгэр болж яваа мундаг Аварга. Үүргээ ухамсарлаж хариуцлагаа хүлээн гэдэг зөв жишиг юм. Монгол улсын бүх салбарт хариуцлагын тогтолцоо гэдэг зүйлийг нутагшуулан нэвтрүүлэх нь нэн шаардлагатай байгаа шүү” гэжээ.
URL: