Эмүжин: Би бичихгүй байж чадахгүй нь…
Дэндүү дураараа, дэндүү омголон, тэгээд дээр нь дэндүү монгол үнэртэй болохоороо би бичихгүй байж чадахгүй нь ээ. Энэ амар амгалан, магадгүй дүлий тайван нийгмийн зүг эл үгсийг шидлэхгүй байж бас чадахгүй нь. Агданбуугийн Амар. Хүний нутгийн тэнгэр дор цаазаар авхуулсан монгол оюун ухаан, бусдын нутгаас Монголын зүг зүтгэн байж зогссон зүрх. Өрөөлийн хуулиар шийтгүүлэн хэлмэгдсэн монгол заяа тавилан. Хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан Монгол төрийн зүтгэлтэн. Орост шүүгдэн цаазаар авах ял сонсохдоо түүний хэлсэн үг анхаарал татдаг.
-БНМАУ тусгаар тогтносон улс юм бол намайг яагаад Зөвлөлтийн шүүхээр шүүж байгаа юм бэ. Би Монголын ард түмэнд хайртай. Оросын ард түмэнд элэгтэй. Би Монгол Улстай хил залгаа улсуудаас болгоомжилдог. Алс хол оршдог учраас Германы ГЯЯ-тай захидлаар харилцан, оюутан илгээж байсан нь үнэн, БНМАУ-даа эрдэмтэн бэлтгэж авах гэсэн юм…1928-1930, 1936-1939 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний сүүлчийн үг энэ байв. 1941 оны намрын бүүдгэр өдөр түүнийг Москвад буудан хороосон юм. Хоёр жил А.Амарыг хорьж, хилс хэрэг хүлээлгэхээр байцааж байжээ. Хүч хэрэглэн эрүүдэн байцаасан гэдгийг ч хэлж байв. Шанааных нь ясыг ёрдойтол хорьж, чангалж байхад шархалсан биеэ үл тоон шазуур зуун хэлсэн үг бол энэ. Өршөөл гуйж болох сүүлчийн боломжийг нь сануулахад өөдөө ширтэж зогсчихоод дуугараагүй гэдэг. Хүний нутгийн тэнгэр дор Хөх Монголын төрийн сүлдийг бөхийлгөлгүй явсан их ухаан. Зууны өмнө Монгол төрийн зүтгэлтнүүд хил алгасан, хөршөө гатлуулан, тив дамнуулан, далай алсруулсан гадаад харилцааг эрхэмлэж байв. Шалтгаан нь алс холын улс гүрнүүд алга дарамхан Монголыг уусгатлаа, эзэлтлээ хол хэмээн сэтгэж, хаяа нийлсэн хөршөө түшиж, хаяа алгассан улс оронтой түншлэхийг эрхэмлэж ирэв. Бүтэн зууны өмнө, бүдэг дэнгийн гэрэл тойрон суугаад тусгаар бодлогоо хэлэлцэн эрхэмлэж асан Монгол төрийн түшээдийн ухаан өнөө цагийн өндөр сэнтийтнүүдэд дутаад байгаа нь гайхмаар. Эдүгээ Жан хэмээх овог Монголд албан ёсоор бий болж, бүрэн бус мэдээгээр 90 мянга орчим хятад иргэн Монгол Улсын иргэншил авсан гэх тоо байдаг. Өнөөдрийн эрх чөлөө, өргөөгөө бэхэлсэн тусгаар тогтнолыг минь авчрахын төлөө эгэл ардаасаа эхлээд Ерөнхий сайдаа хүртэл 30 гаруй мянган иргэнээ хэлмэгдүүлэн золиослосон гашуун түүх бидэнд бий. Харин одоо? Хэн нэгнийг маань аваачаад буудахгүй, ачаад явахгүй. Гэхдээ Монгол төрийг, Монголын газар нутгийг, Монгол өв уламжлалыг ганц буу дуугаргалгүй, ганц сум зарлагадалгүй эзэлж болно, эзлээд ч эхэлчихсэн. Энэ үг хоёр хөршид маань хоёуланд нь хамаатай. Тусгаар хэмээгдэх туж харъяат Монгол Улсын төрийн тэргүүнүүдэд, түмэн олонд бүр ч илүү хамаатай. А.Амар ч бас Ерөнхий сайд байсан…тэргүүн бөхийгөөгүй, тэвчээрээ алдаагүй, хөршдөө худалдагдаагүй, хөлсөөр төр бариагүй тийм л удирдагч байлаа. Өрөөлийн нутгийн тэнгэр дор өр зүрхээ шимшрүүлэн байж цаазаар авхуулахдаа өнчин ганц амиа бус, өргөн Монголоо л бодож зогссон эр хүн, эр зориг, эмтэрсэн сэтгэл юм шүү. Шүтээн гэж түүнийг л хэлнэ. Шүлсээ үсэргэхээс өөр шидгүй, шүлэнгэтэн шунахаас өөр эрдэмгүй төрийн наймаачдыг хэлдэггүй юм. Монголчууд өнөөдөр их, бага хэмжээгээр У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий дээ, хүлээж байя. А.Амар 53 настайдаа баривчлагдан одож, 55-тайдаа алуулсан. Манай хоёртой нэг үеийнх байжээ. Ийм насанд ийм их яргаллыг тэвчин, хүний нутгийн шоронд хөдсөн дээлтэйгээ хатсан нугараагүй зориг, нумраагүй хөвч. Нөгөө ярайсан булчинтай, ялгуусан хоёр маань яг яах бол? Оросоос айгаад хөдөлдөггүй, Хятадад өр тавиад өөдөлдөггүй удирдагч нэртэй уйлан дуут, усан зүрхтнүүдийг л би харж байна!
Эмүжин
URL: