МАН-ын цүнх баригчдын бүтэн армийг Нийслэлийн сонгуульд сойж байна
Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ улс төрийн намууд албан ёсоор зарлалаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Орон нутгийн сонгуулийг энэ удаа олонхын тогтолцоогоор явуулна. Нийслэлийн орон нутгийн сонгууль 45 мандаттай. Ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын хөгжлийг ямар баг удирдах вэ гэдэг нь анхаарал татсан чухал сонголт болох нь дамжиггүй.
Орон нутгийн сонгуульд МАН-ыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар удирдан орох бол Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намууд хамтарч оролцохоор болсон. 45 нэр дэвшигчийн 37 нь Ардчилсан намаас, найм нь МАХН-аас нэр дэвшжээ. ХҮН-ын хувьд НИТХ-ын сонгуульд нийт 27 нэр дэвшигчтэйгээр оролцох бөгөөд Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяраар ахлуулан сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Ийнхүү Улаанбаатар хот, аймаг орон нутгийн ирэх дөрвөн жилийн хөгжлийг тодорхойлох чухал сонголтын өмнө ирээд байгаа. Улс төрийн голлох хүчнүүд орон нутгийн сонгуульд шинэ залуу боловсон хүчнээ “сойж” буйгаа мэдэгдсэн. Шинэ хүмүүсээс гадна өмнө нь шат шатны иргэдийн хуралд харьяалагдаж явсан, 2020 оны Их хурлын сонгуульд нэр дэвшин, өвдөг шороодсон хүмүүс ч энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр болсон байна.
Иргэдийн хурлын энэ удаагийн сонгуульд төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн хүүхдүүд болон гишүүдийн туслах, зөвлөх нэртэй цүнх баригчдын арми олноор нэр дэвшжээ. МАН-ын хувьд фракцуудын “зодоон”-оор эхэлж, Сумъяабазар нэгэнт хаанчлалаа нийслэлд тогтоосон учраас өмнөх Засаг даргын хүмүүс болон бусад фракцынхныг шахаж чадсан байна. Гэвч түүний дэвшүүлсэн баг жинхэнэ утгаараа “Цүнх баригчдын арми” бүрдүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшжээ. Тэрээр Ерөнхий сайд ахынхаа дэмжлэгээр энэ 2020 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдон гэрлийн хурдаар улс төрийн замаа тавьж буй нэгэн.
УИX-ын гишүүн, сайд Х.Нямбаатарын сонгуулийн менежерээр ажилласнынхаа шагналд зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Сэргэлэнбаатарыг Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвших эрхийг олгосон гэх. Нийслэлийн МАН-ын дарга Д .Сумъяабазар баз Г.Төгөлдөрийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлжээ. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг Г.Төгөлдөр нь “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Гүр-Аранзын хүү. Д.Сумъяабазарын “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд ажиллаж байгаад Д.Сумъяабазарын дэмжлэгээр Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдсон. МАН Нийслэлд 45 нэр дэвшигч сойсны ихэнх нь буюу 33 нь анх удаа гаднаас цоо шинэ залуусыг оруулж ирсэн.
Намын доод шатандаа ч сайнаар бус саараар танигдсан хүмүүс нэр дэвшигчид дунд цөөнгүй байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт нэр дэвших Н.Баярмөнх байсхийгээд л зодоон цохион, танхайн асуудлаар хэвлэлийн шар хуудсыг чимчихдэг нэгэн билээ. Хэдхэн өдрийн өмнө машиндаа хоол хийж буй “мэдрэмжгүй” зургаар өөрийгөө таниулах гэж оролдсон Г.Гангамөрөн гэх бүсгүй, УИХ-ын гишүүний зөвлөхийн статустай Ц.Баттөр, М.Говьсайхан нар нэр дэвших мандатаа бас аваад байна. Г.Гангамөрөн Дандар баатрын ач охин гэж МАН-д орж ирсэн. Баянзүрх дүүрэгт МАН-аас өрсөлдөх Д.Энхбаярын тухайд Су.Батболдыг Хотын захирагчаар ажиллаж байх үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг нурааж, шинээр орон сууц барих төслийн тендерт шалгарч байжээ. Улмаар өөрийн “Шинэ гэр түншлэл” ХХК-иар дамжуулан орон сууц барьж, ашиглалтад оруулж байсан бөгөөд энэ чиглэлд чамгүй туршлага хуримтлуулжээ.
Түрийвчний зузаан, ах дүүгийн ургийн сүлжээ, цүнх баригчдаар дүүргэсэн хэмээн МАН дотроо өөр хоорондоо ч толхилцож эхэлжээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы хэвлэлийн албаны дарга байсан Ц.Мөнхбаатар : “НИТХ-ын сонгуульд МАН-ын нэр дэвшигчид гэж хэн ч танихгүй, нийслэлийн төлөө хэрхэн ажилласан нь тодорхойгүй залуус цөөнгүй харагдана. Дарга нар бүгдийг шийддэг юм бол залуус төр нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэг юун. Шударга чадварлаг залуусаа сонгуульд дэмжинэ гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн уриалга хаана очоод замхрав.
Нийслэлийн МАН-ын хорооны шийдвэр цүнх барьж даргыг дагаж гүйж байх учиртай юу, авлига авч мөнгөтэй болсон байх хэрэгтэй юү” гэж олон нийтийн сүлжээнд ил мэдээлсэн. ХАС-ын Ганхуягийн дүү Гантулга ч НИТХ-ын төлөөлөгч бөгөөд энэ удаа нэр дэвших эрхээ олж авч чадаагүй. Ингэж МАН-ынхан дотроосоо цүнх баригч, авлигачдыг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлчихсэн байна гэдгээ олон нийтэд зарласан нь МАН-ын Нийслэл дэх нэр дэвшигчдийн ерөнхий өнгийг илтгэчихэж байгаа хэрэг. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хоёр ч туслах нэр дэвшжээ. Зөвлөх Ш.Батбаяр Сүхбаатар дүүргээс бол туслах нь байсан О.Мөнгөншагай мөн нэр дэвшсэн. Монголын томоохон компанийн захирлын хүргэн М.Халиунбат Сүхбаатар дүүрэгт ногоон гэрлээр нэр дэвших эрхээ авсан байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт Таван толгой ТУЗ-ийн ажлын албаны дарга Б.Батбаяр, Тавантолгой төмөр замын дэд дарга асан Б.Ууганбаяр нар нэр дэвшиж буй нь төрийн өмчит Эрдэнэс Таван толгойн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг дэвшүүлснийг харуулна. Улаанбаатар хотын Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, 1500 гаруй ажилтантай УСУГ-ыг удирдан ажиллаж буй Ц.Төрхүү, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын нийслэлд ажиллаж буй 10 хүрэхгүй хүмүүс сонгуульд өрсөлдөхөөр болжээ.
“Аз жаргалтай хот хөтөлбөр яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар” гэсэн шүүмжлэлд өртсөн НИТХ-ын дарга Р.Дагва гэхэд л Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ арайхийн авчээ. Нийслэлд МАН нэр дэвшигчдээ “Дотоод ардчиллын замаар сонгосон” гэж буй гомдогсод бас бий. Хотын фракцыг олон жил толгойлж ирсэн М.Энхболдын хотын угшил энэ удаагийн сонгуульд тас хэрчигдэж, Д.Сумъяабазарыг гаднаас мөнгөтэй төгрөгтэй, гишүүд дарга нарын туслах зөвлөхүүдийг дэвшүүлчихсэн гэх яриа тархсан.
М.Энхболд хэдийгээр муу нэртэй ч хотын удирдлагад олон жил ажилласан мэдлэг боловсролын хувьд туршлагажсан фракцийг бүрдүүлсэн байжээ. Гэтэл одоо хот цүнх баригчдын мэдэлд очих магадлал өндөр боллоо гэцгээж байна. Энэ удаагийн сонгуульд хоёр ч Ерөнхийлөгчийн хүү нэр дэвшиж байгаа. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн зургадугаар тойрогт нэр дэвшсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж байна. УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг Хөдөлмөрийн Үндэсний намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бол УИХ-ын гишүүн асан Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн хүү Б.Билэгт Хан-Уул дүүргийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшжээ.
Багш, доктор П.Наранбаярыг хотын даргаар сонгоно гэж зарласан Хөдөлмөрийн Үндэсний намын нэр дэвшигчдийг тольдох аваас голцуу хуульч, эдийн засагч, хот төлөвлөлтийн инженер, хот цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэн гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн залуусаар бүрдүүлсэн нь харагдана. Тухайлбал, Баянгол дүүрэгт Токиогийн технологийн их сургуулийг төгссөн Ж.Золжаргал, Боннын их сургуулийг төгссөн хуульч Д.Үүрцайх, эдийн засагч Г.Хаш-Эрдэнэ, эдийн засагч Б.Мөнхсоёл, Б.Найдалаа нарын нийт 27 хүнийг нэр дэвшүүлжээ. Орон нутгийн сонгуульд намуудын нэр дэвшигчдийн өнгө иймэрхүү. ХҮН нам шинэ үеийн түрлэг болсон залуусаар хүч түрэн орж ирж байхад 100 жилийн түүхтэй МАН цүнх баригч арми бүрдүүлж, АН харин Ерөнхийлөгчийн голдуу хүмүүсийг дэвшүүлж, бусад жижиг намуудын цөөн төлөөллийг албан бус эвсэл болгон багтааж оруулжээ.
Д.ХҮСЛЭН
URL: