Элчин сайд Ё.Розенберг: Монголд өвлийн спортыг хөгжүүлэхэд хамтарч ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимын хороо/ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергт лхагва гарагт бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ нь Европын орнуудаас Герман улстай спортын салбарт олон жилийн турш ойр дотно, идэвхтэй харилцаа өрнүүлснийг онцлон дурдаад, тус улсын өндөр зэрэглэлийн спортын мэргэжилтэн , дасгалжуулагчид манай орны спорт-олимпизмын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгийг хэллээ.
Тэрбээр, МҮОХ-ны саяхан сонгогдсон шинэ удидлагуудыг товч танилцуулж, цаашид Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв.
Элчин сайд Ё.Розенберг өвлийн спортыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг Mонгол Улсад хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд, олимпын аваргуудаар удирдуулсан МҮОХ нь Токиогийн олимпын наадамд өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөв.
Дашрамд сонирхуулахад, Германы Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч В.Трёгер, Т.Бах, МҮОХ~ны ерөнхийлөгч С.Жамц, Ш.Отгонбилэг нар харилцан айлчилж байсан бөгөөд үндэсний олимпын хороод жүдо, бокс, цана, тэшүүр, спортын эмнэлгийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байсан түүхтэй билээ.
URL: