Шороотой бөх туг тойртлоо Монгол төрийн босго намсаагүй

405“Бид энэ удаад нэр дэвшүүлэхдээ эх орноо гэсэн сэтгэл, ёс зүй, мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлагатай байх Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг эш үндэс болголоо. Мөн нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх шаардлагад нийцүүллээ. Энэ удаагийн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг бид нийслэлд Ардын нам болоод Ардын хувьсгалын дараагийн 100 жилийн хөгжлийн эхний шанг татах хүмүүс гэж ойлгож, том зургаар бас итгэл хариуцлагын том шанагаар хэмжиж харах учиртай”. Энэ бол нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу IV хуралдаанаараа нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдээ хэрхэн тодруулсныг танилцуулах үеэр хэлсэн үг. Түүний тодотгосноор нийслэлийн МАН-ын хорооны хурлаас тодруулсан 45 хүний 33 нь шинээр буюу анх удаагаа нэр дэвшигчид. Үлдсэн 12 нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Өөрөөр хэлбэл, 2016 оны, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 35 төлөөлөгчөөс 12 нь дахин өрсөлдөх эрхийг авчээ. Эрх зүйч, улс төр судлаач, багш, инженер, эдийн засагч, эмч зэрэг салбар бүрийн төлөөллийг багтааж, тэгэхдээ шинэ үеийнхнээр “цус сэлбэж” багаа бүрдүүлсэн нийслэлийн МАН-ын хороо нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд залуучууддаа итгэл үзүүлэхээр болсон нь энэ.

Хүн амын дийлэнх олонх нь, тэр дундаа залуучууд давамгайлсан нийслэлийн хөгжлийн бодлогыг ирэх дөрвөн жилд зангидаж, залуурдах боломжийг шинэ үеийн төлөөлөлд атгуулахаар зорьсон нь зөв шийдвэр байж болох. Улс орны хөгжлийг залуучууд тодорхойлж, авч явах нь үнэн л юм бол нийслэлийн МАН-ын хорооны нэр дэвшүүлэлт цаг үеийнхээ шаардлагад нийцсэн хамгийн бодит алхам мөн.
Гэвч улс төрийн бусад нам, эвслийн хувьд нийслэлийг, нийслэлийн ИТХ-ыг арай өөрөөр харж байгаа бололтой. Намын дотоод зөрчил, улс төрийн эрх ашиг нь тогоондоо багтахаа больж, эцэстээ улс орны хямрал болтлоо ужгирсан Ардчилсан нам гэхэд орон нутгийн сонгуульд Н.Энхбаяр тэргүүтэй МАХН, Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭН-тай хамтран оролцохоор болсноо зарлав.
“МАХН-ын даргатай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа” хэмээн Ерөнхий сайд, намын даргаа чичилж, бүр Засгийн газартай нь огцруулж явсан АН-ынхан Н.Энхбаяртай нэгдэж, сонгуульд оролцохоор болсон нь тэднийг морь унасан толгойгүй хүн шиг харагдуулж байна. УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тоймтой улс төрийн шийдвэр гаргаж чадахгүй, түр орлон гүйцэтгэгчтэйгээр намаа чиглүүлж яваа нь үүний бодит жишээ.
Үүгээр зогсохгүй намынхаа улс төрийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэн Ж.Батзандан, Л.Болд нарыг АН-аас хөөж, тэд өрх тусгаарлан ШИНЭН-ыг шинээр байгуулсан нь ердөө жил хүрэхгүй хугацааны өмнөх үйл явдал. Гэвч эргээд Ж.Батзандан, Л.Болд нарыг бүр Н.Энхбаярын хамт намынхаа тулах багана, түших цэг болгохоор болсон нь АН-ыг улам жижиг харагдуулахаас гадна улстөрчид загасны ой санамжтай гэдгийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр батлан харуулав. Цаашлаад төрийн эрхийг авах том амбийцтайгаар УИХ-ын сонгуульд оролцсон ч нэг биш нийтээрээ өвдөг шороодож, амаараа шороо үмхсэн тэдний эрх ашгийн хамаарал, эцсийн найдлага нь нийлж, нэгдээд ч болтугай нийслэл, орон нутагт засаглах өнөөх л улиг болсон улстөрчдийн “мөрөөдөл”-ийн жагсаалтаар үргэлжлэх бололтой. Ийнхүү УИХ-ын сонгуульд ялагдсан шороотой бөхчүүдийн нийслэлийг онилсон эрх ашиг дан ганц АН, МАХН, ШИНЭН-аар хязгаарлагдсангүй. Тэдний буухиаг ХҮН-ынхан үргэлжлүүлэв. Тодруулбал, хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулсан тус намын жагсаалтын дийлэнх хувийг Б.Найдалаа даргаас нь эхлээд УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасан эрхмүүд бүрдүүлжээ. Ингэхдээ бүгдээрээ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, унасан тойрогтоо дахин өрсөлдөхөөр болсон байна.
Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохоор нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн ч сонгогчдын итгэлийг хүлээж чадалгүй дүнгээ тавиулсан тэд буурь сэлгэж нийслэлд хүч үзэхээр болсон нь энэ. Дараагийн хотын даргаар хэнийг ажиллуулахаа зарласан нь ч саяхан. Гэхдээ нийслэлчүүд, тэднийг төлөөлж, бүрдүүлдэг ИТХ гэдэг бол УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн улстөрчид, намынхны буурь сэлгэдэг, буугаад морддог газар биш.
Сонгуульд унасан улстөрчдийн даагаа нэхэж, шархаа нөхөх гүүр бүр ч биш. Өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай, тэндээсээ бодлого, шийдвэр гаргадаг субьект. Хүссэн болгон нь сэтгэлийн хөөрлөөр нэрээ дэвшүүлээд ороод суучихдаггүй гэсэн үг. Тэндээс гарч байгаа шийдвэр, захирамж, тогтоол болгоны ард нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг хөндөгдөж байдаг. Сонгогчид ч энэхүү зарчим, шалтгааны хүрээнд сонголтоо хийж ирсэн. Гэтэл Монгол төрийн хаалгаар гарч явсан эрхмүүд тооноор орж ирэх гэж улайрдгийн тод жишээг АН, МАХН, ШИНЭН-ын нэгдэл харуулж эхэллээ. Араас нь ХҮН-ынхан үргэлжлүүлэх болсныг нэр дэвшигчдийнх нь нэрийн жагсаалтаас харж болохоор байна. Гэхдээ сонгуульд унасан болгоныг урьж залаад, багтааж шингээх хүртлээ Монголын төр уруудчихаагүй байна. Өөрийн гэсэн шалгуур, босготой. Тэрхүү босго нь шороотой бөх туг тойртлоо намсаагүй байгаа гэдгийг иргэд, олон нийт, сонгогчид эрхбиш гадарлаж л байгаа.
Г.Сүлд
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL: