НИТХ-д дэвшчих 45-хан хүн АН-д алга уу
2020 оны сонгуульд дахин ялагдал амссан Ардчилсан нам одоо ч тамирдуу байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа өнгөрлөө. Монгол Ардын Нам, ХҮН намынхан хотын парламентад дэвшүүлж буй нэр дэвшигчдээ тодруулан, албан ёсоор зарласан бол Ардчилсан нам таг чиг. Ингэхэд Ардчилсан нам амьд байна уу?
Нийслэлийн Ардчилсан намын даргын тамгыг атгаж буй Д.Пүрэвдаваагаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид нь хэзээ тодрохыг лавлахад “Сонгуульд эвсэн орж буй бусад намуудын нэр дэвшигчид тодорсны дараа эцэслэнэ” гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Сураг сонсохнээ Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд ердөө 22 хүнийг нэр дэвшүүлэх бол бусад тойргуудаа Н.Энхбаярын МАХН, Ж.Батзандан, Л. Болд нарын ШИНЭ намд найр тавин өгч байгаа аж. Нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшээд өрсөлдчих хэмжээний 45 кандидат Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 419 гишүүн биш юмаа гэхэд ядаж 180 гишүүн, дэмжигчдийнх нь /тус намаас өгдөг тоо/ дунд алга юм гэж үү.
улс төрийн гол хоёр хүчний нэгд тооцогдож, төрийн эрхийг дангаараа хийгээд хамтран барьж байсан Ардчилсан нам өнөөдөр үзэл баримтлал гэхээсээ илүү нэг хоёр хүний үг, үзэмжээр улс төр хийдэг МАХН, ШИНЭ намын хэмжээнд очтолоо тамираа барж, доош унасан юм бол Монголын улс төрд учирч буй том гарз хохирол гэж үүнийг л хэлнэ.
“….баруун төвийн нам байна” гэж Ардчилсан нам албан ёсоор үзэл баримтлалаа баталж, буцалтгүй дагаж мөрдөхөө ёслол төгөлдөр зарлаад, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон биш билүү. Гэтэл сонгууль дуусаад нэг улирал ч болоогүй байхад Ардчилсан нам дээд шүүхэд хүртэл бүртгүүлж, баталгаажуулсан үзэл баримтлалаасаа ухарч, зүүнтэн гэж хэлэхэд ч зөөлдөх популистуудтай хамтарч, нэг мөрийн хөтөлбөр, нэг удирдлага дор сонгуульд орно гэдэг эмгэнэл.
Ардчилсан нам баруунд хамаарах хэдий ч, Монголд бүртгэлтэй бусад намуудаас дутахгүй зүүний, тэр тусмаа коммунист чиг баримжаатай Н.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Болд нартай хамтарч байгаа юм бол энэ нам ирэх дөрвөн жил сөрөг хүчний үүргээ ч олигтой биелүүлж чадахгүй, бас л салхи дагаж өнхөрсөн хамхуул шиг байсаар барах нь.
Ардчилсан намыг биш юмаа гэхэд ардчилсан үзэл баримтлалыг дэмжиж энэ намын төлөө саналаа өгдөг сонгогчдын тэр хэсгийнхнийг бодоод та нар баруун төвийн үзэл баримтлал мөрдөхөө байг гэхэд зүүний овоолго руу тэмүүлэхээ ядаж больчихооч.
Эх Сурвалж: Zaluucom
URL: