АН урвагчтай болжээ

Хаалттай хаалганы цаана болсон үйл явдал, хэрүүл маргаан, цаашлаад намын дотоод нууц гадагшаа задрах болсон тул урвагчийг эрэн сурвалжилж эхэллээ. Протколиороо шахуу нийтэд дэлгэгдэх болсон тэдний нууцыг хэн задлав. Энэ асуултыг бүлгийн өчигдрийн хуралдааны үеэр гишүүддээ тавьснаар ширүүхэн дайн дэгдэх нь тэр.

Нууцын зэрэглэлтэй протколыг нь хэн “худалдаж” нийтэд дэлгэснийг. Тагнуулч хэдийд ч, ямар ч нөхцөлд өөрийгөө илчлэх ёсгүй гэх алтан дүрэм үйлчилж, “Би биш” хэмээн мэлзсэн хэдэн нөхөд эцэст нь урвагчаа олсонгүй. Гагцхүү хаалганы цаан “Тэр чинь би биш” гэх хашгирах дуу хаяахан сонсогдож байлаа. Хэрүүл, шуугиантай болсон бүлгийн хурлаар ээлжит бус чуулган хуралдуулах талаар УИХ-д хүсэлт гаргахаар шийдвэрлэсэн байна.

Энэ сарын 10-нд өндөрлөх учиртай чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга шийдвэр гаргаж, долоон хоног сунгасан. Энэ хугацаа өчигдөрөөр дуусгавар болж буй. Иймээс АН-ын бүлэг УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Тавантолгойн хувьцааны асуудал, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах нь зүйтэй хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн хугацаанд завсарлага авлаа хэмээн сүрдүүлж, аливаа асуудлыг сунжруулж байсан тэд сонгууль дөхөх тусам хэнхэглэж эхэлж байгаа бололтой. Завсарлага нэрийдлээр ажил хаялт зарласан хугацааг нь тоймлоод үзвэл чуулганыг сунгах хэрэг байна уу, үгүй юү гэх асуултын хариу ч гарах биз. Гэсэн ч ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хугацаа богиносох тусам ажил хийх сонирхол нь буцалж байгааг яалтай.

Гэхдээ дээрх хоёр асуудлаас илүүтэйгээр Батлан хамгаалахын шинэхэн сайд Ж.Энхбаярыг суудлаас нь унагах зорилготой талаар Ч.Сайханбилэг дарга цухас дурьдаад өнгөрсөн. Анхнаасаа Засгийн газрын шинэхэн сайд нарыг эсэргүүцэж байсан АН эхнээс нь намнаж эхлэхээр шийдвэрлэсэн нь энэ бололтой. Ч.Сайханбилэг “Мөн Батлан хамгаалахын сайдад сайдын хурлын зөвлөлийнхөө протколыг ирүүлэхийг хүссэн. Өнөөдрийн өдөр тутмын сонинд Батлан хамгаалахын сайдын ярилцлага гарсан байна. Түүнд өнгөрсөн хугацаанд гарч байсан тэр зовнилуудаа өөрөө ярилцлагандаа баталчихсан байна. Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбогдолтой, энэ асуудалд нь арми бэлэн байх тухай гээд.

Энэ асуудал бол нэлээд ноцтой санаа зовоосон асуудал гэж АН-ын бүлэг үзэж байгаа. Тиймээс ээлжит бус чуулганы хугацаанд Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудлыг тавина. Бүлгээс ажлын хэсэг гаргасан, тэр бүхнийг нь нягтлан шалтгаад, ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод огцруулах асуудлыг тавихаа үгүйсгэхгүй байна.

Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих