Н.Энхбаяр, Ж.Батзандан нарын “бөөрөнд наалдсан” Ардчилсан нам

15991734515f51734b9a5c5Орон нутгийн буюу аймаг, нийслэлийн сонгууль ирэх аравдугаар сард болно. Гэтэл хоёр хоногийн өмнө Нийслэлийн АН-аас мэдээлэл хийж, орон нутгийн сонгуульд МАХН, ШИНЭ намтай нэгдэж орох гэж буйгаа зарлалаа. Тэд Монгол Улсад шударга, ардчилсан нийгмийг цогцлоох, Ардчиллын тогтолцоог хамгаалахаар ийнхүү нэгдэж байгаа юм гэсэн. Сайхан л сонсогдохоор зорилго байгаа биз. Гэвч энэ тэдний жинхэнэ зорилго биш байх. Жинхэнэ зорилго нь ямар ч хамаагүй аргаар нийслэлд хэдэн суудал авах гэж дүгнэвэл дөхөх болов уу.  Тэр дундаа АН-ынхан. Үнэхээр эмгэнэлтэй дүр зураг.

2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдсан, бүр нам цохиулсан. Хөлбөмбөгөөр бол “бут ниргүүлсэн “. Арай гэж санаа зовохгүй бүлэг байгуулахаар хэмжээний суудалтай л хоцорсон. Ялагдлынхаа шалтгааныг тэд ардчиллын төлөөх намууд саналаа хуваасан гэж үзэж байгаа юм билээ.  Тиймээс орон нутгийн сонгуульд хамгийн их санал хуваасан гэж үзсэн МАХН, ШИНЭ намтай хамтарч орвол ялах магадлалтай гэж тооцсон байх л даа.  Ёстой арга нэг аргаа барсан л үйлдэл.  АН-ыг ингэтлээ шалдаа бууж, шал арчиж байхыг өнгөрсөн 30 жилд үзсэнгүй. 1996-2000 онд Засгийн газраа дөрөв сольж, бужигнуулж байхдаа ч тэд ингэтлээ шавартай хутгалдаж байгаагүй байх.

Түүний оронд дотоод эв нэгдлээ сайжруулаад, нэр дэвшилтээ зөв хийгээд, эрх баригчдын алдаан дээр дөрөөлөөд, сөрөг хүчний үүргээ олигтойхон биелүүлээд, хотыг хөгжүүлэх олигтойхон төлөвлөгөө танилцуулаад явсан бол ялахгүй гэж газаргүй.

Нэгэн цагт МАН-ын “хаан” байсан, одоо гэнэт ухаантан болж хувирчихаад байгаа Н.Энхбаяр, намаасаа хөөх нь холгүй явуулсан “попын хаан” Ж.Батзандан хоёрын бөөрөнд наалдаж байна гэдэг дэндүү доошоо орсны шинж. АН арай ч хэдэн санал олж авахын тулд хэнтэй ч хамаагүй хамтрахаар нам бишсэн.  Тэд ялагдлынхаа шалтгааныг ч зөв олж харж чадсангүй. Тэд гэх нь буруу, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нөхөр гэсэн нь зөв үү.  Ямар ч байсан МАХН, ШИНЭ намтай тостой тогоонд хошуу холбоод авбал орон нутгийн сонгуульд ялж, МАН-тай мөчөөрхөнө гэж санаж. Үнэхээр ялж чадаад, мөчөөрхөж барвал сайн л биз.

Гэхдээ Н.Энхбаярыг гуйж, Ж.Батзанданг гувшсаныхаа төлөө АН-ын үнэнч дэмжигчдээ алдах эрсдэлтэй гэдгээ тэд бас тооцсонгүй . Түүний оронд дотоод эв нэгдлээ сайжруулаад, нэр дэвшилтээ зөв хийгээд, эрх баригчдын алдаан дээр дөрөөлөөд, сөрөг хүчний үүргээ олигтойхон биелүүлээд, хотыг хөгжүүлэх олигтойхон төлөвлөгөө танилцуулаад явсан бол ялахгүй гэж газаргүй. АН бол том нам. Тэд Н.Энхбаяр, Ж.Батзан хоёрын намд саналаа хийсгэн алдаад, ялагдчихлаа гэж гонгинож суух, эргээд тэднийг “суга таяг” болгох хэмжээний улс төрийн хүчин биш.

2012 оны сонгуульд АН дангаар засаглах хэмжээнд ялаагүй ч олонх болж чадсан. Тэр үед санал хуваах нам байгаагүй гэж санана уу. МАХН-ын байгуулсан эвсэл саналыг утгаар нь хувааж, бүр бүлэг байгуулах хэмжээний гишүүнтэй болж байсан. Тэрийг чинь санал хуваах гэдэг юм. Тийм л үед АН олонх болж чадаж байлаа. Гэтэл энэ удаагийн сонгуулиар МАХН ганцхан суудал авсан. ШИНЭ нам бол сураг нь ч дуулдаагүй. Санал хуваасан дээрээ тулбал МАН-ын бодлогоор байгуулсан гэсэн хардлагын бай болоод байгаа ХҮН-ынхан “шавар хаасан” гэвэл илүү ононо. Түүнээс гадна, АН-д гомдсон, нэр дэвших эрх авч чадаагүй бие даасан залуучууд илүү ихээр санал хуваасан. Цаашлаад шалтгаан тоочвол маш олон. 1990 онтойгоо зууралддаг, 30 жил энэ намыг өөрсдийн өмч мэт ашигласан хөгшдийн гай хамгийн их байгааг ч тэд мартчихаж.  Энэ бол бүр тусдаа том сэдэв.

АН-ынхан энэ мэт алдаа дутагдлаа олж харахгүй байна . Эсвэл харахыг хүссэнгүй. Зүгээр л амраар ялах арга юу байгааг хайлаа. Түрдээ “өвчин намдаагч” хэрэглэж байна. Тэр нь Н.Энхбаяр, Ж.Батзандан хоёр байсан нь харамсалтай.  МАХН тэргүүтэй 30-аад нам бол үнэндээ “доод лиг”-ийнхэн. АН тэдэнтэй нийлснээрээ “доод лиг” рүү уначихлаа. “Доод лиг”-ийн багууд “дээд лиг”-ийнхнийг хожиход хэцүү л байдагсан.

http://www.zaluucom.mn/read/4hg9d28eg


URL: