Азийн топ модель Д.Баяртогтох: Би Солонгост очиж ажиллах эсэхээ шийдээгүй л байна

БНСУ-д өнгөрсөн сарын 14-нөөс 19-ний хооронд зохион байгуулагдсан “Азийн шилдэг загвар өмсөгч” шалгаруулах тэмцээнд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох оролцож, “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртжээ. Шинэхэн топ модель Д.Баяртогтохтой уншигч таныг уулзуулъя.

-”Азийн топ модель” өргөмжлөл гардсанд баяр хүргэе. Оролцсон тэмцээнийхээ сонин сайхнаас ярихгүй юу. Хэдэн орны эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид оролцож, авьяасаа сорьсон бэ?

-Баярлалаа. Азийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах энэ тэмцээнийг БНСУ-ын загварын холбоо өнөө жил долоо дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Бидний хувьд ч олз омог ихтэй, амжилт гаргасан тэмцээн болж өндөрлөлөө. Энэ жил эх орноо төлөөлж, долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Монголоос очиж оролцоод ирлээ. Нийт 18 орны 50 гаруй моделиуд оролцсон уг тэмцээнд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Батцэцэг “photogenic”, миний бие “Азийн топ модель” хэмээх шагналыг тус тус хүртсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээн Сөүл хотод урьдчилсан шалгаруулалт, тэмцээний өдөр гээд гурван хоногийн турш үргэлжилсэн.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтав. БНСУ-д зохион байгуулагдсан гэдэг утгаараа солонгосын оролцогчдод давуу тал олгосон болов уу?

-Япон, Солонгосын 13 шүүгч тэмцээнийг шүүсэн. Үнэхээр шударга болсон гэж тэмцээнд оролцогчид ам сайтай байсан л даа. Загвар өмсөгчдийг урьдчилсан шалгаруулалт болон тэмцээний үеийн нийлбэр оноогоор шалгаруулж, ялагчийг тодруулсан юм. Миний хувьд тайзны алхаа, гишгээ, техникээрээ бусдаас ялгарч чадсан хэмээн шүүгчид онцолсон.

-”Азийн топ модель” өргөмжлөлийг тус тэмцээний хамгийн том шагнал гэж ойлгож болох уу. Энэхүү нэр хүнд бүхий өргөмжлөлийг юу дагалддагийг сонирхмоор байна?

-Тийм ээ. “Азийн топ модель” өргөмжлөлийн хамт Солонгосын хэд хэдэн загварын агентлагтай хамтарч ажиллах эрх бүхий гэрээ дагалддаг юм билээ. Гэхдээ би Солонгост очиж ажиллах эсэхээ хараахан шийдээгүй л байна.

-Ингэхэд “Азийн шилдэг загвар өмсөгч” шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хэрхэн олж авч байв?

-Өнгөрсөн жил Улаанбаатар хотод зохиогдсон “Face of Mongolia” наадмын “Шилдэг модель”-иор шалгарснаар тэмцээнд оролцох эрхийг гардсан юм л даа.

-Таны оролцсон тэмцээний онцлог нь юу бол?

-Энэхүү тэмцээн нь Ази тивдээ дээгүүрт тооцогддог загварын томоохон тэмцээнүүдийн нэг. БНСУ-ын загварын холбооноос энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулахаас гадна жил ирэх тусам хүрээгээ тэлж буй олон улсын загварын тэмцээнүүдийн нэг болж чадсан. Загвар өмсөгчийн тайзны алхаа, техникийг үндсэн шалгуураа болгож, шүүдэг нь тэмцээний гол шалгуурын нэг юм.

-Амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байв уу. Өрсөлдөгчид тань хэр “хүчтэй” байсан бэ?

-Мэдээж итгэлтэй байсан ч “Азийн топ модель” болно гэж төсөөлөө ч үгүй. Энэ жил илүү өргөн хүрээг хамарсан, өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн гэж зохион байгуулагчид ярьж байсан. Үнэхээр ч өрсөлдөгчид маань орон орны шилдэг загвар өмсөгчид байлаа. Зарим оролцогчид маань Монголд байхдаа өөртөө нэлээд итгэлтэй байсан хэрнээ Солонгост очоод өрсөлдөгчдөө хараад эргэлзэж, тэвдэж эхлэх жишээтэй.

-Олон улсын тэмцээнд түрүүлнэ гэдэг амаргүй зүйл. Мэдээж туршлага их чухал шүү дээ. Тэгэхээр урьд нь энэ төрлийн тэмцээнд оролцож байсан биз дээ?

-”Vision 2010″ загварын тэмцээнд “Шилдэг модель”, 2011 оны “Монгол модель” агентлагийн “Топ модель”, 2011 онд   “Face of Mongolia” наадмын “Шилдэг загвар өмсөгч, 2011 оны  “Fashion week”-ийн эрэгтэй дүр төрхөөр тус тус шалгарч байсан. Ер нь Монголд загварын тэмцээн, арга хэмжээ цөөхөн болдог доо.

-Ингэхэд өөрөө ямар мэргэжилтэй вэ?

-Би “Монгени” цогцолбор сургуулийн орос, англи хэлний ангийг 2003 онд, “Mongolia International University” (MIU)-ийг Биотехнологич мэргэжлээр 2007 онд   төгссөн. Үндсэн мэргэжил маань хүнсний биотехнологич. Гэвч сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Загвар өмсч эхэлсэн дээ.

-Монголын загварын ертөнцөд энэ чиглэлээр тууштай ажилласан эрэгтэй загвар өмсөгчид цөөхөн. Та тэдний нэг. Танд ямар эмэгтэй таалагддаг вэ?

-Эмэгтэй хүн нэн тэргүүнд ихэмсэг байх ёстой болов уу. Мөн өөртөө итгэлтэй, бие даасан байх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний боловсрол, хүмүүжлээс шалтгаалах байх. Энэ бүхнээс илүүтэй надад нарийн мэдрэмжтэй эмэгтэйчүүд таалагддаг. Эдгээр нь цөм миний гэргийн шинжүүд.

-Гэр бүлийнхээ танилцуулахгүй юу?

-Би 2009 онд “Урлах эрдмийн загварын долоо хоног” шоуны үеэр эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Эхнэрийг маань Ц.Наранцацрал гэдэг. Урлах эрдэм сургуулийн интерьер дизайны ангийг төгссөн. Бид хөөрхөн хүүтэй болсон. Хүүг маань Мөргөн гэдэг. Одоо хоёр ой хүрч байна.

-Таныг загвар өмсөгчөөс гадна кино жүжигчин гэдгээр тань хүмүүс андахгүй…

-”Цавчуур. ком” кинонд 2010 онд тоглосон. Туршлагагүй байсан миний хувьд кинонд тоглоод олон зүйл сурсан. Ер нь кинонд тоглох санал надад их ирдэг. Гэв ч цаг зав гардаггүй. Эр хүний замын хүзүү урт гэдэг шүү дээ. Яваандаа кино урлагт хүч сорино гэж боддог. Солонгосын агентлагууд ч кино урлагт хүчээ сорихыг санал болгосон. Энэ талаар бодож байгаа.

Э.САРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих