Жүдоч Б.Ариун-Эрдэнэ “Шижир Алт” ХХК-ийн захирал болжээ

712-1598569369unnamed-1

“Монголросцветмет” ТӨҮГ-ын “Шижир Алт” ХХК-ийн захирлаар Б.Ариун-Эрдэнэ ажиллах болжээ.

Б.Ариун-Эрдэнэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат аймгийн арслан цолтой, Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, Монгол Улсын насанд хүрэгчдийн найман удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, “Чингис Хаан” дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальтай нэртэй жүдоч юм. Мөн тэрээр самбо бөхөөр дэлхийн аварга, Монгол Улсын 13 удаагийн аварга, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальтай тамирчин бөгөөд Монголын Самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Түүнчлэн Б.Ариун-Эрдэнэ нь Булган аймгийн АН-ын даргын сонгуульт ажилтай.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын “Шижир Алт” ХХК-ийн тухайд анх 1993 онд “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Заамарын алтны үйлдвэрийг түшиглэн байгуулсан. 1995 онд хүчин чадлыг нь харгалзан “Монгоросцветмет” нэгдэл, ОХУ-ын “Зарубежцветмет” нэгдэл, “Эрдэнэт” концерн хамтарч “Шижир Алт” ХХК-ийг шинэчлэн байгуулсан. 2012 онд Урт нэртэй хууль батлагдсаны дараа үйл ажиллагааг нь зогсоосон. Сүүлд 2017 онд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сэргээн байгуулсан байдаг.
“Монголросцветмет”-ийн айлуур жонш, төмрийн хүдэр, алт олборлолт, баяжуулалт, хайрга, дайрга, элс үйлдвэрлэл, геологи хайгуулын ажлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн баяжмалыг  боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, 2.0 сая тонн алт агуулсан элс угаадаг. Энэ үйл ажиллагаандаа тус ТӨҮГ нь  Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх “Бор-Өндөр”уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир Алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүдийг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг.
Өнгөрсөн жилүүдэд “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт хэрэгтэй болсон тухай элдвийн мэдээлэл мэр сэр гарсаар ирсэн. Ялангуяа “Шижир Алт” ХХК-ийн тухайд алтны олборлолт, тушаалт хяналт багатай, Б.Ариун-Эрдэнийн өмнөх гүйцэтгэх захирал дур мэдэн хэмжээг нь тогтоодог гэх шүүмжлэлд өртөж ирсэн юм.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: