Н.Мөнхсоёл: Зохиолоо уншиж байхдаа уйлна,инээнэ догдолж мөн айна.Гэхдээ л би тоглосон бүх дүрдээ хайртай

98172978_161231718770483_2907229754543308800_o-600x600

Монголын уран сайхны нэлээд хэдэн киноны гол болон туслах дүрд тоглоод байгаа Н.Мөнхсоёлтой ярилцлаа. Тэрбээр саяхан олны хүртээл болоод байгаа “Бэрүүд” киноны Хонгороогийн дүрд тун чадварлаг тоглосон юм. Саяхан нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн “Асрагч” киноны гол дүрийн жүжигчнээр ажилласан байна.


-Та саяхан МУГЖ дуучин Д.Жаргалсайханы “Хөх тэнгэрийн улаач” дууны клипэнд хатны дүрийг бүтээсэн байсан. Энэ тухайгаа яриач?

- Хөх тэнгэрийн чуулганаас бэлтгэн гаргадаг “Улаачдын сорил” нэвтрүүлгийн 4,5 дахь дугаарыг хөтөлж байсан. Энэхүү дууг нэвтрүүлгийн сүлд дуу гэхэд болно. Үзэгч сонсогчдын шүтэн биширдэг ахмад уран бүтээлчидтэйгээ нэгэн сайхан уран бүтээлд хааны бага хатан болж түүхэн клипэнд дүрээ мөнхөллөө. Хааны дүрд МУГЖ Г.Золбоот ах тоглосон. Тухайн клипний зохиолын дагуу жүжигчдэд урилга явуулсны дагуу энэхүү дууны клипэнд тоглосондоо баяртай байгаа.

-Хөл хорионы үе гээд цахимаар нээлтээ хийсэн “Асрагч” киноны гол дүрд тоглосон. Киноны утга санаа юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Саяхан “Морьтон” энтертайнмэнтийн “Асрагч” бүрэн хэмжээний УСК-ны гол дүрд ажиллаад дууслаа. “Морьтон” энтертайнмэнттай хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч ажилласан. Эхнийх нь “Үлгэрийн баатар гэртээ харих замд” байсан. “Асрагч” киноны гол утга санаа нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүтээл байгаа. Эхнэр нь өвчтэй болоод нөхөр нь түүнийг эмчлүүлэхээр гадагшаа явахдаа хоёр хүүхдээ асруулахаар асрагч хөлсөлж авдаг. Маш олон хүний дундаас нүдэнд дулаахан эмэгтэйг сонгож хүүхдээ асруулахаар болдог ч тэрхүү эмэгтэй тэднийг байхгүй үед хүүхдүүдийг нь хүчирхийлж байгааг өгүүлсэн. Энэ кинонд би хүүхэд хүчирхийлж байгаа гол дүрийн асрагч эмэгтэйн дүрд ажилласан. Гэхдээ бид уран бүтээлч учраас хүүхдийг зодохгүй шүү дээ. Уран сайхны аргаар маш үнэмшилтэйгээр зураг авалтыг хийж, үйл явдлыг дүрсэлсэн байгаа. Сүүлийн үед таньж мэдэхгүй хүнээр хүүхдээ харуулахад зодож гэмтээх цаашлаад бэлгийн хүчирхийлэл үзүүлэх гээд ямар нэгэн далд байдлаар хүчирхийлдэг. Нийгэмд одоо ч гэсэн болж буй иймэрхүү хэргүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хараа хяналтаа сайжруулаасай гэсэн гүн гүнзгий санааг энэхүү кино өгүүлдэг.

-“Асрагч” киноны зураг авалтын үеийн хөгжилтэй сценари сошиалаар яваад байсан. Хөшигний ард хөгжилтэй зүйлүүд их гардаг байх даа?

- Кино, уран бүтээл бүрийн ард сургамжтай, хөгжилтэй янз бүрийн зүйлүүд байнга гарч байдаг. Миний хувьд хүчирхийлэл үйлдэж байгаа асрагчийн дүрийг бүтээсэн. Киногоо үзэгчдэд илүү бодит харагдуулах үүднээс төмөр алхыг яаж ч чанга цохисон өвдөхөөргүй зөөлөн зүйлээр хийдэг. Зураг авалтын үед тэр зүйл нь хугарах ч юм уу, нүүр лүү ойх, ийш тийшээ алга болох зэрэг хөгжилтэй зүйлүүд их гарна шүү дээ. Ер нь иймэрхүү хөгжилтэй зүйл яриад байвал маш их шүү дээ.

-Таны анхны уран бүтээл ямар кино байсан бэ?

-Гуравдугаар курсэд байхдаа МУСТА Х.Ганхуяг найруулагчийн “Оюутны нууц амраг” кинонд охины гол дүрийг бүтээж байсан. 2013 онд “Сити” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд түүнээс хойш 20-иод бүрэн хэмжээний болон олон ангит кинонд дүр бүтээгээд байна. Цаашдаа шинэ төсөл, дэлгэцийн уран бүтээлүүд дээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Жүжигчид дэлгэцийн уран бүтээлийн санал хүлээж авахдаа зохиолыг нь маш сайн судалдаг санагдсан?

-Мэдээж зохиолоо эхэлж уншина. Дараа нь дүр нь хэрэв таалагдах юм бол кинондоо тоглодог. Анх ямар ч дүрийг голохгүйгээр олны хэсэгт ч байсан хамаагүй оролцдог байсан. Харин сүүлийн үед бага зэрэг цензур тогтоож тухайн уран бүтээл, зохиол, хамтарч ажиллах баг, жүжигчдийг нь хардаг болсон. Мөн энэхүү кино үзэгчдэд хэр хүрэх вэ гэдгийг давхар судална. Зохиолоо уншиж байхдаа уйлна, инээнэ догдолж мөн айна шүү дээ. Гэхдээ эцэст нь бүх дүрээ хайрладаг.

-Кинонд тоглож байх явцад хамгийн хүнд дүр ямар дүр байсан бэ?

-Ерөнхийдөө эсрэг дүрүүд хүнд байдаг. Жишээлбэл, “Хүүхэлдэй”, “Хүйтэн шөнө” зэрэг кинонд тоглоход нэлээд ажиллагаатай байсан. Тухайн киноныхоо дүрийн сэтгэл зүйн хямралыг өөр дээрээ мэдэрдэг учраас дүрүүд нь жаахан хэцүү санагддаг. “Хүүхэлдэй” киноны хувьд л гэхэд найруулагч, зураглаач гээд арын албаны маш олон хүн байгаа ч гэсэн аймшгийн гэдэг утгаараа дараа нь гэр лүүгээ харьж явах замдаа эмээх тохиолдол гарч байсан. Киноныхоо дүрээс богино хугацаанд гарч чадахгүй хэсэг хугацаанд яваад байдаг гэх юм уу даа.

-Та Тэрэлжийн 100 ламын агуйн дээгүүр олсоор явсан. Иймэрхүү экстрем зүйлд их дуртай юу?

-“Positive Mongolia” Мөнхжин гэдэг залуугийн санаачилсан контентод урилгаар оролцсон. Анх удаа олсон дээгүүр алхаж үзсэн. Эхлээд жаахан сандарсан, аймаар санагдаж байсан. Тэгээд өмнөө яваа хүнийхээ амьсгалыг мэдрээд алхахаар үнэхээр кайфтай юм билээ. Айх биш, алсыг хараад жаргаж байгаад буусан. Би чинь өөрөө экстрем зүйлд их дуртай. Бусад хүмүүсийн нэг нь ч алхаж чадалгүй унаад байсан л даа. Тэнцвэрээ олоод явчихад бараг болчих юм билээ. Өндөрт их нарийхан олсон дээр явахаас гадна дээшлэх тусам салхи ихтэй болж байсан болохоор тэнцвэр маш чухал санагдсан. Хүний сэтгэлийг сэргээх сайхан мэдрэмжийг төрүүлдэг спорт шиг санагдсан.

-“Бэрүүд” кинонд эсрэг талын дүрд тоглосон байсан шүү дээ. Таны зан төлөвөөс хэр өөр вэ?

- Манай киноны зураг авалт жилийн хугацаанд явагдсан. Үзэгчдэд нэлээн үзэн ядалт өгөхөөр дүр болсон юм шиг санагдсан шүү. Бэрүүдийнхээ дундаас нэлээд ааш муутай, хадмуудтайгаа харилцаа муутай, нөхрөө байнга дарамталдаг эмэгтэйн дүр. Миний зан характераас их өөр дүрд ажилласан. Анх хувийн амьдралын талаар сөрөг сэтгэгдлүүд их ирэхэд эмзэгээр хүлээж авдаг байсан. Одоо хүмүүс харьцангуй сөрөг сэтгэгдэл бичихээ байчихсан. Ихэнхдээ л урмын үг бичдэг.

-Жүжигчний мэргэжил гэдэг дүрээ илүү гаргахын тулд ямар нэгэн байдлаар золиос гаргадаг юм шиг санагддаг. Таны хувьд өөртөө эрс өөрчлөлт хийж байв уу?

-Жүжигчид дэлгэцийн уран бүтээлээ илүү бодитой болгохын тулд үсээ хусах ч юм уу ямар нэгэн золиос гаргах тохиолдол их байдаг. Миний хувьд эрс өөрчлөлт хийж байсан зүйл байхгүй. Харин үсээ тайруулах, үснийхээ өнгийг өөрчлөх гэх мэт жижиг зүйл дээр өөрчлөлтүүдийг хийж байсан.

-Таныг жүжигчний хувиар хайрлаж, хүндэлдэг шүтэн бишрэгч цөөнгүй байдаг байх. Тэд нараас нэг нь таныг болзоонд уривал та хэрхэн хүлээж авах вэ. Сонирхолтой санагдлаа л даа.

-Фэйсбүүк, Инстаграмаар стори, зураг хийх болгонд “ та мундаг шүү, таныг маш их дэмждэг, үзэсгэлэнтэй юм аа” гэсэн урмын үгийг өдөр болгон илгээдэг. Түүнээс гадна эмэгтэй хүний гоо сайхан, бүтээгдэхүүний талаар зөвлөгөө авдаг. Харин болзоонд урих тал дээр бол таныг хүндэлдэг шүү, хоолонд оръё” гэдэг л дээ, тэр болгонд хамт явж чадахгүй шүү дээ. Гадуур явж байхад таараад зургаа даруулах, асуулт асуух зэрэгт их нээлттэй байдаг.

Д.ОТГОНТУЯА


URL: