Банкууд зээлийн шалгуур, нөхцлөө чангатгаж эхэлжээ
Энэ оны эхний хагас жилийн байдлаар 126 мянган иргэний 1.8 их наяд, 2672 аж ахуй нэгжийн 3.1 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүслээ гэж Монголбанкнаас өчигдөр гаргасан Санхүүгийн тогтвортой байдлын 14 дэх тайланд онцолжээ. Цар тахалтай холбоотойгоор эргэн төлөлтийн хүндрэлд орсон хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж байгаа. Гэсэн хэдий ч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өнгөрсөн оныхтой харьцуулахад 34 хувиар, иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ мөн 30 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Банкны хүүгийн орлого 22 хувиар буурчээ
Цар тахлын сөрөг нөлөө болон энэ оны хоёрдугаар сард 677 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн, мөн зээлийн хугацааг сунгасан зэрэг арга хэмжээнүүд арилжааны банкны хүүгийн орлогыг 22 хувиар буурахад нөлөөлсөн гэж үзжээ. Тиймээс эдийн засаг, санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал үүсч байгаагаас банкуудын зээл олгох шалгуур чангарсан байна. Хөл хорионы улмаас иргэд, компаниудын орлого буурч, хөл хорио хэзээ тавигдах нь тодорхойгүй байгаа нь ийнхүү зээлийн шалгуур чангарахад мөн нөлөөлжээ.
Банкнаас шинээр олгосон зээлийн хэмжээ энэ оны эхний зургаан сард 9.4 их наяд төгрөгтэй тэнцэж, өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад 7.7 хувиар буурчээ. Зээлийн төлвийн судалгааны үр дүнгээс үзэхэд банкуудын зээл олголт буурахад Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, эдийн засгийн идэвхжил буурсан зэрэг хүчин зүйлс голчлон нөлөөлсөн байна.
Хэдийгээр ирэх сард банкууд зээлийн шалгуурыг одоогийнхоос өөрчлөх хүлээлтгүй байгаа ч зээлийн нөхцлийг чангаруулах магадлалтай байна. Тухайлбал, зээлийн хэмжээ, хугацаа, барьцаа хөрөнгө, хүү болон бусад нөхцөлийг энэ сараас эхлэн бага зэрэг чангаруулах аж. Гэхдээ энэ нь шинээр олгох зээлд хамаатай асуудал гэнэ.
Хямралд том компаниуд илүүтэй өртөж байна
Том аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, зээл төлөх чадамж нь муудаж байна гэж судалгаанд дурьджээ. Тодруулбал, цар тахлын нөлөөнд өртсөн зээлүүдийн 53.7 хувийг том компаниудынх, 36.9 хувийг иргэдийнх, 8.4 хувийг жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн зээл тус тус бүрдүүлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сарын 12-ны байдлаар банкны системийн нийт зээлийн 48.3 хувь буюу 8.6 их наяд төгрөгийг аж ахуй нэгжүүдэд олгосон зээл бүрдүүлж байсан аж. Харин үүний 36.6 хувь буюу 3.2 их наяд төгрөгийн зээл цар тахлын нөлөөнд орсон гэж тооцоолжээ. Монголбанкнаас хийсэн зохицуулалтын хүрээнд банкууд 1059 аж ахуйн нэгжийн 1.1 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Тус арга хэмжээтэй холбоотойгоор 296 тэрбум төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөгдөөгүй байгаа аж. Компаниудын хувьд худалдааны салбарын үйл ажиллагаа бусад салбаруудтай харьцуулахад их хэмжээгээр хязгаарлагдаж тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч байна гэж мэдээлжээ. Харин иргэдэд олгосон 9.3 их наяд төгрөгийн зээлийн 20.7 хувь нь цар тахалд өртсөн гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 91.7 мянган иргэний 1.4 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт оруулжээ. Салбарын хувьд нийт зээлийн үлдэгдэл нь хэрэглээ, худалдаа, барилга, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт төвлөрсөн буюу эдгээр салбаруудад илүү мэдрэмтгий байгаа бол хөдөө аж ахуй, тээвэр ба агуулах эрхлэх үйл ажиллагаа, үйлчилгээний салбарт цар тахлын нөлөө бага байгаа аж. Тэгвэл боловсрол, мэдээлэл технологи, эрүүл мэнд, санхүү болон даатгал, төрийн үйлчилгээний салбарт мэдрэмтгий бус буюу байдал хэвийн байна гэж үзжээ.
Олон улсын байгууллагуудын зүгээс 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг -4.9 хувь буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын төсөөллөөс 1.9 нэгж хувиар бууруулсан нь 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас улбаатай эдийн засгийн уналтаас ч хүнд цохилт болж байна гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, улс орнууд хямралын давхар давлагаатай тулгарч болзошгүй байгааг сэрэмжлүүлсээр байгаа юм.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: