Д.Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүллээ

712-15983188565f44672ce6817ВАШИНГТОН. /RIA Novosti/.  АНУ-ын Бүгд Найрамдах нам ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг хоёр дахь удаагаа албан ёсоор нэр дэвшүүллээ.

Бүгд Найрамдах намын их хурал Умард Каролина муж улсын Шарлотт хотод даваа гарагт болсон байна. Намын их хурлын санал хураалтыг шууд эфирээр явуулжээ.

Д.Трамп нэр дэвшихийн тулд зайлшгүй авах ёстой 1276 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан байна. Тэрбээр өмнө нь нам дотроос ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах бүх сунгаанд хүчтэй өрсөлдөгчгүйгээр ялсан билээ. Гэхдээ намын их хурал албан ёсоор болох ёстой юм.

Харин АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд Майк Пенс дахин өрсөлдөх бөгөөд бүгд найрамдахчууд холбогдох шийдвэрийг санал нэгтэй баталжээ.

АНУ-ын төрийн тэргүүний сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Тус улсын одоогийн Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден юм.

https://montsame.mn/mn/read/234448


URL: