Манайд орж ирж байгаа гурван эм тутмын нэг нь ХУУРАМЧ, 68 хувиар үнэтэй зарагддаг

12744

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг Засгийн газрын бүтцийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулах зайлшгүй шаардлагатай эсэх талаар тодруулав.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын долдугаар сарын 7-ны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “24.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэмэхээр тусгажээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалттай болсноор чанар аюулгүй байдал дээшлэх, эмийн үнэ буурах, хуурамч эмийн импорт буурч, эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулах шаардлагатай. Орон тооны хувьд нэмэгдэх боловч эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсвийн хэмнэлт нь хэд дахин илүү гэж харж байгаа. Манай улсын хувьд цөөн хүн амтай ч эм,эмнэлгийн хэрэгсэл маш их тоогоор яригддаг. Энэхүү агентлаг нь эмийг одоо авч байгаагаас хямд авах, цаашлаад хяналт тавих чиглэлтэй”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эм тойрсон асуудал маш эмзэг сэдэв байдаг. Эм хилээр орж ирсэн үнээсээ 68 хувийн нэмэгдэлтэй зарагддаг. ДЭМБ-ийн жишиг үнэтэй харьцуулахад манай эм 5-6 дахин өндөр үнэтэй байгаа нь судалгаагаар батлагдсан. Дураараа эмийн үнийн тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол зэрлэг капитализм байдлаараа явж байна.

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар орж ирж байгаа импортын эмийн гурван эм тутмын нэг нь хуурамч. Тиймээс мэргэжлийн агентлагийг байгуулж, зохих ажлыг авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Энд олон хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байна” гэв.

Gereg.mn


URL: