Амиа алдсан Н-д их хэмжээний гэмтэл илэрсэн ч, хэрэгт холбогдсон 8 залуугийн НЭГИЙГ цагдан хорьжээ

bTVR

2020 наймдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод хөл хөдөлгөөн их байжээ. Зуны энэ орой залуус хэсэг хэсгээрээ уулзаж, Улаанбаатарын хотын төв хэсэг болох хүүхдийн 100, төв талбай, соёл амралтын хүрээлэн зэрэг газруудаар явах нь их бөгөөд паб, цэнгээний газруудад согтуу залуус маргалдаж, муудалцах тохиолдол үе, үе гарч байж.

-ТЭР ӨДӨР ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД “САНРАЙС” ХЭМЭЭХ ЗУНЫ ШОУ БОЛЖ БАЙСАН ТУЛ ЗАЛУУСЫН ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ИХ БАЙЖЭЭ-

Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Үндэсний Соёл амралтын хүрээлэн /Парк/ дээр “Санрайс” хэмээх залууст зориулсан зуны шоу болсон ба үүнээс гадна хотын хэд, хэдэн газруудад олныг хамарсан шоу цэнгээний үйл ажиллагаа зохион байгуулагдсан тул залуусын хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Харин энэ өдөр олныг сэртхийлгэсэн нэгэн аймшигт явдал болсон нь хэсэг залуус, хүний амь бүрэлгээд хэргийн газраас зугтсан явдал байв.

Тодруулбал, наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө болсон задгай шоуны үеэр хүний амь насыг хөнөөгөөд, цогцсыг нь тайзны ард нууж хэргийн газраас зугтсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тухайн хэрэг нь шөнийн 02:00 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Lux” гэх нэртэй цэнгээний газарт гарчээ.

Тодруулбал, уг шоунд байсан 36 настай эрэгтэй Н, 1992-1994 оны найман залуустай маргалдсан байна.

Энэ үеэр 1994 онд төрсөн Ц гэгч залуу тэр үед хохирогч Н-ийг хүчтэй цохиж, тайзнаас унагаасан бөгөөд хохирогч унахдаа ширээ мөргөж, хүнд гэмтэн, ухаан алдсан гэх мэдээлэл бий. Харин танхайрсан залуус хохирогч Н-ын биед нь байсан эд зүйл болох түрийвч, гар утас зэргийг нь дээрэмдэж хэргийн газраас зугтаагаад удалгүй цагдаа нарт баригдсан байгаа юм.

-ХОХИРОГЧ Н-ИЙН БИЕД ҮЗЛЭГ ХИЙХЭД ТЭРЭЭР БИЕДЭЭ МАШ ИХ ШАРХ СОРВИ, ХҮНД БЭРТЭЛ АВСАН БАЙЖЭЭ-

Ингээд наймдугаар сарын 6-ны үүрээр эмнэлэгийн тусламж ирэхэд Н аль хэдийн амьсгал хураасан байдалтай олдсон бөгөөд хохирогчийг тус цэнгээний газрын тайзны араас олдсон гэдэг мэдээлэл худал болж харин баарны гадна талын хашааны ойроос олдсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Мөн холбогдох албаны хүмүүс хохирогчийн биед үзлэг хийхэд эрүүл эрхтэн үлдээгүй, бүх биедээ шарх авч, хүндээр гэмтэж, бэртсэн байжээ.

Үүнээс үзвэл залуус хохирогч Н-ийг ухаан алдтал нь цохьчихоод дахин нэмж зодсон байх магадлалтай аж. Мөн хохирогч Н дөрвөн хүүхдийн эцэг бөгөөд, түүний хамгийн бага хүүхэд нь нэг ой хүрээгүй байжээ.

Хэрэг гарсан гэх LUX цэнгэний газрын гадна тал
Хэрэг гарсан гэх LUX цэнгэний газрын гадна тал

-ГЭМТ ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БУЙ НАЙМАН ЗАЛУУСЫН НЭГИЙГ НВ ЦАГДАН ХОРЬЖ, БУСАД ЗАЛУУСЫГ СУЛЛАСАН БАЙНА-

Энэхүү ноцтой хэрэг гарсан өдрөөс хойш ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид хэрэг бүлэглэн хэрэг үйлдсэн найман залууг орон даяар эрэн сурвалжилж энэ сарын 12-ний өдөр Санзайд байрлах нэгэн амралтын газарт бүгж байхад нь илрүүлэн баривчилсан байна. Хүний амь насыг ноцтойгоор бүрэлгээд биед байгаа эд зүйлсийг нь дээрэмдэн зугтсан гэх залуусын тав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ.

Гэмт хэрэг үйлдсэн бүлэг залуусыг хүний амь насанд хүрсэн, хэргийг нуун дарагдуулах гэж цогцсыг нуусан, дээрэмдсэн, хэргийн газраас оргон зайлсан зэрэг үндэслэлээр цагдан хорьж, шалгаж буй ч одоогийн байдлаар долоог нь суллаж, нэгийг нь цагдан хорьж шалгаж байгаа аж.

Манай улс шинэ коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор баар, цэнгээний газруудыг хааж, Ковид-19-ын шинэ журам батлан, мөрдөж буй ч энэ мэт баар цэнгээний газрууд нууцаар ажиллаж, залуусын архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж буй нь харамсалтай.

Хэрэг гарсан гэх LUX цэнгэний газар
Хэрэг гарсан гэх LUX цэнгэний газар


URL: