Н.Түвшинбаяр маргааш үүрэгт ажлаа хүлээн авна

unnamed-3-3

Монголын үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2019.10.03-нд хуралдах үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш тус байгууллагын ерөнхийлөгчийн албыг Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцан ажиллаж байлаа.

Өнгөрсөн жил орчмын хугацаанд хэд хэдэн удаа товлогдсон ч коронавирусний хорио цээрийн улмаас хойшлогдоод байсан ээлжит бус хурал энэ сарын эхээр нэг мөр товлогдож, МҮОХ-ны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид горилогчдын нэрс тодорхой болоод байна.

Өнгөрсөн хугацаанд МҮОХ-ны Тэргүүн Дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгч болох амбицтай, “Olympic house”-ыг удирдах гол өрсөлдөгчдийн нэг гэгдэж байв. Харин өнгөрсөн долоодугаар сарын 18-нд болсон Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны 136 дахь чуулган (Цахимаар явуулсан)-аас Б.Баттүшигийг ОУОХ-ны гишүүнээр сонгосноор тэр Үндэсний олимпийн ерөнхийлөгчийн өрсөлдөөнийг орхих нь ойлгомжтой болсон.

ОУОХ чуулганы үеэр таван гишүүнийг нэмж баталснаар нийт 103 гишүүнтэй болж, шинэ гишүүдээр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн Б.Баттүшигээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Кое, Хорватын Ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа Элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар сонгогдсон билээ.

Чикагогийн их сургууль, Харвардын их сургууль төгссөн Б.Баттүшиг 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд мөн “Токио-2020” Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй.

Тэрээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон. Монгол Улсаас өмнө нь спортын олондоо “Олимпийн өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны Гишүүний ажлыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн, өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болсон билээ.

Б.Баттүшигээс гадна МҮОХ-г удирдах хүмүүсийн тоонд өнгөрсөн жилээс эхлэн нэр нь яригдах болсон өөр нэг гол хүн бол олимпийн аварга Н.Түвшинбаяр. Түүнийг өрсөлдөгчгүй шахам МҮОХ-г удирдах эрхтэй болно гэсэн таамаг биелж, наймдугаар сарын 4-нд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийг зарлахад ганцаар нэр дэвшсэн байлаа.

Маргааш олимпийн анхны аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр сонгогдох нь гарцаагүй болов.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид Жүгдэрийн Отгонцагаан, Цэвэгмидийн Бат-Энх, Чойжгаваагийн Наранбаатар, Галсанжамцын Пүрэв-Очир нар нэр дэвшээд байна.

Нэмж хэлэхэд, энэ удаагийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад томилгоо, сонгуульт албан тушаалын талаар хэлэлцэхгүй. Тэгэхээр өдгөө МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар “Бээжин-2008” олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд хариуцлагатайгаар хашсан энэхүү үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна.

MNB.mn


URL: